
Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ЕБС-ын үдийн хоол хөтөлбөрт оруулснаар хүүхдүүд 1.5 см-ээр илүү өндөр болжээ.
Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ЕБС-ын үдийн хоолны хөтөлбөрт оруулж өгснөөр хүүхдийн өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааны үр дүнг Хэнтий аймгийн Биндэр сумын эцэг, эх, сурагчдад танилцууллаа.
🇪🇺 Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлсэн “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төслийн хүрээнд өдөрт 1000 литр сүү боловсруулах цехийг Хэнтий аймгийн Биндэр суманд байгуулсан.
Энэхүү цехийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг 2022 оноос хойш сургуулийн үдийн хоолны хөтөлбөрт долоо хоногт 2 удаа нийлүүлж байна.
👧👦 ЕБС-ийн сурагчдыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр ханган, өсвөр насны хүүхдийн бие махбодын өсөлтөд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 2025 онд хийсэн бөгөөд судалгаагаар Биндэр сумын бага ангийн сурагчдын дундаж өндөр нь сүү хэрэглэдэггүй сумын сурагчдаас дунджаар 1.5 см-ээр илүү байсан бөгөөд өсөлт хоцролтын түвшин нь 4 дахин бага байв. Илүүдэл жин, таргалалтын түвшин Биндэр суманд 16.7% байхад, сүү үдийн хоолонд ороогүй суманд 21.4% буюу 4.7%-иар өндөр байна.