
Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бодлогын үр дүнгээ бодитой, зөв үнэлж, цаашдын бодлогоо оновчтой тодорхойлж хэрэгжүүлэхэд анхаарч, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт“ олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох” зорилтыг дэвшүүлэн, энэ хүрээнд олон арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс” тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, өнөөдөр үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг өрнөж байна.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын харьяа байгууллагууд, яамд, Засгийн газрын агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, улсын төсөвт үйлдвэрүүд, олон улсын болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургуулиуд, төрийн өмчит компаниуд хамрагдаж, үнэлгээний индексийн цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна.



Энэхүү индексийг тогтоосноор манай улс үнэлгээний чадавхын суурь түвшинг тодорхойлж, түүнд үндэслэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний арга зүй, аргачлалыг нэвтрүүлэх, үнэлгээний мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр сургалт, зөвлөмж авах боломж бүрдэнэ.
Улмаар үнэлгээний тогтолцоог бэхжүүлснээр Монгол Улсын хөгжлийн бодлогын үр дүн сайжрах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна.




