
Боловсролын сэргэлт-боловсон хүчний сэргэлт-Булганы сэргэлт хөтөлбөрийн үр дүнд Булган аймгийн сурагчид БНСУ-ын Хусо их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой боллоо.
Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид БНСУ-ын Хусо их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал Ким Жон Жүгээр ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Булган аймгийн сурагчдыг Хусо их сургуулийн бакалавр, магистрын ангид тэтгэлэгтэй суралцуулах, төгсөгчдийг Асан хотод байрлах Самсунг, Хюндай зэрэг компанид дадлагажуулах, оюутны ар гэрийн 1 хүнийг жилийн хугацаанд ажиллах бүрэн нөхцөлөөр хангах,
Сурагчдыг ухаалаг технологи, робот зохион бүтээх, код бичих, солонгос хэл, таеквондогийн чиглэлээр богино хугацааны танхим, цахим сургалтад хамруулах, хүүхдэд ээлтэй аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Багш, эмч нарыг урт, богино хугацааны дадлагажуулах сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулах, Солонгост туршлага судлуулах
Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Политехникийн коллеж дээр Хусо их сургуулийн код бичих, робот зохион бүтээх чиглэлийн анги нээж, тус сургуулийн сургалтын хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж, тухайн ангийн төгсөгчийг үргэлжлүүлэн Хусо их сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах зэрэг олон боломжийг нээлттэй ярилцаж шийдвэрлэсэн байна.








