
НҮБ-ын ХХААБ, Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран Хүнсний зах, худалдааны төвүүдийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлгийн 17 хувийн лабораторийн шинжээчдэд зориулсан чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулав. Сургалтын зорилго нь мах, сүүний хүнсний аюулгүй байдлыг хангах, тухайлбал нян судлал болон малын эмийн үлдцийг илрүүлэх шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх, лабораторийн шинжилгээний чанар, үнэн зөв байдлыг дээшлүүлэхэд чиглэж байна.
Сургалтад оролцогчид хүнсний бүтээгдэхүүнд түгээмэл тохиолддог бичил биетэн, тэдгээрийн бохирдлын эх үүсвэр, тандалт хийх арга зүй, дээж авах стандарт протоколууд, лабораторийн аюулгүй ажиллагаа болон эмийн үлдцийн шинжилгээний сорьц цуглуулах, боловсруулах аргачлал зэрэг сэдвээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна.
Уг сургалт нь хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг хангахад хувийн хэвшлийн лабораториудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сургалтыг “Нэг эрүүл мэнд үзэл баримтлалыг хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, худалдааны шударга байдлыг хангах хэрэгсэл болгон ашиглахад нь бага орлоготой орнуудад дэмжлэг үзүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчдод гарын авлага, дадлагын хичээлээр дамжуулан бодит мэдлэг олгож байна.

