Монгол Улсын нийт газар нутгийн 73.8 нь бэлчээрийн газарт хамаардаг ч өдийг хүртэл бэлчээр ашиглалтын харилцааг хариуцсан тусгайлсан бүтэц, тогтолцоо бүрдээгүй салбар дундын шинжтэй эрх зүйн зохицуулалттай байгаа тул салбарын яамнаас Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны үйл ажиллагааг өргөтгөн бэлчээрийн асуудал хариуцсан байгууллага болгон бэлчээр ашиглалт, хамгаалалтын нэгдсэн удирдлагын тогтолцоог эхлүүлэх, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бэлчээрийг талхлагдахаас сэргийлэх, нөхөн сэргээх санаачилга гарган ажиллаж буйг мөн тэмдэглэн хэллээ.
Энэ үеэр “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил- 2026” сэдэвт гол илтгэл, олон улсын жилийн хүрээнд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон олон улсын жилийн уялдаа холбоог хангах зэрэг илтгэл танилцуулж, харилцан санал солилцсон юм.

Энэхүү олон улсын жил нь бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл, малчдын амьжиргаа, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд дэлхий нийтийн анхаарлыг нүүдлийн мал аж ахуйн онцлог, бэлчээрийн тогтвортой байдал, малчдын мэдлэг туршлага, соёл уламжлалыг сурталчилан таниулахад чухал ач холбогдолтой.
Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Италийн Ром хотод нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. Өнөөдөр ийнхүү манай улс үндэсний хэмжээнд нээлтээ хийж, олон улсын жилийг орон даяар эхлүүлж байна.
Үндэсний нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Элчин сайдын яамдын төлөөлөл, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Цөлжилттэй тэмцэх конвенц, бусад төрийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, малчид зэрэг 170 гаруй дотоод, гадаадын төлөөлөл оролцов.



Эх сурвалж: https://www.mofa.gov.mn/
