Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төртэй хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, төрийн худалдан авах ажиллагаанд оролцох чадавхийг сайжруулах, санхүүжилтийн боломжийг тэлэх зорилготой мэдээлэл, сургалтын уулзалт 2026 оны 03 дугаар сарын 9-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уулзалтыг ЖДҮҮ Холбооноос зохион байгуулсан бөгөөд уулзалтад ЖДҮ эрхлэгчид, холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон сонирхогч бизнес эрхлэгчид оролцож, төрийн бодлого, санхүүжилтийн боломжийн талаар шууд эх сурвалжаас мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.

Уулзалтын эхний хэсэгт Төрийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Чойсүрэнилтгэл тавьж, төрийн худалдан авах ажиллагаанд ЖДҮ эрхлэгчид хэрхэн оролцох, тендер шалгаруулалтад амжилттай оролцох аргачлал, цахим тендерийн системд бүртгүүлэх болон төрийн цахим дэлгүүрт бараа бүтээгдэхүүн байршуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн тендерт оролцох үед түгээмэл гардаг алдаа, анхаарах асуудлууд болон амжилттай оролцох практик зөвлөмжийг танилцуулж, оролцогчдын асуултад хариулт өгч, санал солилцов.

ЖДҮ-ийн санхүүжилтийн боломжийг танилцуулав
Уулзалтын хоёрдугаар хэсэгт Зээлийн батлан даалтын сангийн ажлын хэсгийн гишүүн, ЖДҮҮ Холбооны Дэд Ерөнхийлөгч Ц.Ганзориг“ЖДҮ-ийн санхүүжилтийн тулгуур – Зээлийн батлан даалтын бодлого” сэдвээр илтгэл тавив.
Тэрээр зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн боломж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрүүд, банкуудтай хамтран хэрэгжүүлж буй батлан даалтын механизм, хамрагдах нөхцөл болон цаашид хэрэгжих бодлогын чиглэлүүдийн талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн ЖДҮ эрхлэгчид зээлийн батлан даалтад хэрхэн хамрагдах, санхүүжилтийн боломжийг хэрхэн ашиглах талаар бодит жишээ, туршлагыг хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
Харилцаа холбоо, туршлага солилцсон өглөөний уулзалт болов
Уулзалтын үеэр оролцогчид өглөөний кофе уунгаа харилцан танилцаж, бизнесийн туршлага солилцох networking уулзалт зохион байгуулсан нь ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

ЖДҮҮ Холбооноос цаашид ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бодлогын мэдээлэл, сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулж, бизнес эрхлэгчдийг бодит боломжуудтай холбох чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
