
“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбоо болон Эрдэмтдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдаж, салбарын бодлого, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлуудыг хэлэлцлээ. /2026.04.02/
Тус хуралдаанд “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, орон нутгийн салбар холбоодын төлөөлөл, Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, хүнсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцов.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нээж, хүнсний аюулгүй байдал, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагуудын уялдаа холбоо чухал болохыг онцлон тэмдэглэлээ. Тэрээр мөн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй болгоход мэргэжлийн холбоодын оролцоо, манлайлал чухал үүрэгтэйг дурдсан юм.

Хуралдааны үеэр “Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хууль”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчид хуулийн хэрэгжилт, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох чиглэлээр санал, зөвлөмжөө илэрхийллээ.
Ингэхдээ “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагыг мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжид нийцүүлэн “Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл” салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо болгох тухай асуудал Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.



Мөн энэ үеэр Эрдэмтдийн зөвлөлийн үүрэг, оролцоог онцлон авч үзэж, хүнсний салбарын хөгжлийг шинжлэх ухаанд суурилсан бодлогоор дэмжих нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний амжилтын гол хүчин зүйл болохыг тэмдэглэв. Тодруулбал, эрдэмтэн судлаачдын судалгаа, инноваци, технологийн дэвшил нь хүнсний аюулгүй байдал, чанар, хүртээмжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах бөгөөд салбарын шийдвэр гаргалтад шинжлэх ухааны үндэслэлтэй хандлагыг төлөвшүүлэхэд Эрдэмтдийн зөвлөл чухал үүрэг гүйцэтгэх юм.








