
Төрийн тэргүүний айлчлалын бизнес төлөөлөгчдийн багт монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, барилга, мэдээллийн технологи зэрэг салбарын 90 гаруй баялаг бүтээгч туршлага судалж байна.
Бизнес төлөөлөгчдийн багийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ахлан ажиллаж байна.
Энэ хүрээнд Казахстан Улсын “Alem.ai” олон улсын төвтэй танилцлаа.
Тус цогцолбор нь нийслэл Астана хотод байрлах бөгөөд Төв Азийн бүс нутаг дахь хамгийн том хиймэл оюун ухааны төвүүдийн нэгт тооцогддог.

“Alem.ai” төв нь боловсрол, судалгаа, инноваци, бизнесийн үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн бүтэцтэйгээрээ онцлог юм. Найман давхар энэхүү байгууламжийн эхний давхарт хиймэл оюун ухааны музей, олон нийтэд зориулсан үзэсгэлэн ажиллах бол дунд давхруудад сурагч, оюутан, насанд хүрэгчдэд зориулсан сургалтын төвүүд байрлажээ.


2030 он гэхэд нэг сая хүнийг хиймэл оюун ухааны чиглэлээр сургах зорилт дэвшүүлсэн байна. Ингэснээр Казахстан Улс технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, бүс нутгийн инновацийн төв болох стратегиа бэхжүүлэхээр зорьж байгаа юм.
Энэ хүрээнд Монгол Улс боловсрол, судалгаа, стартап экосистемийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Тухайлбал, монгол оюутан, залуусыг хиймэл оюун ухааны чиглэлийн сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах, хамтарсан судалгаа, инновацийн төслүүд хэрэгжүүлэх, стартап компаниудыг бүс нутгийн акселератор хөтөлбөрт оролцуулах зэрэг боломж нээлттэй байгаа юм.
Мөн хоёр улсын төрийн байгууллагууд дижитал шилжилт, хиймэл оюун ухаанд суурилсан төрийн үйлчилгээний чиглэлээр туршлага солилцох, хамтарсан бодлого боловсруулах боломжтойг онцолж байна.


