
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлиг, 2025 оны “Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 44 дүгээр зарлиг, Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, Уур амьсгалын үндэсний хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд 2025-2027 оныг “эрчимжүүлэх үе шат” болгон зарлаж, улс орон даяар мод тарих ажлыг өргөжүүлэх, тарьсан модны арчилгаа, хамгаалалтын нэгдсэн тогтолцоог бий болгоход онцгой анхаарч байна.

Энэхүү бодлого, шийдвэрийн хүрээнд 2026 оны бүх нийтээр мод тарих арга хэмжээг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог идэвхжүүлэн, байгаль орчны доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодит алхмуудыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд “Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих үйлсэд бодит хувь нэмрээ оруулан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.

Тус үйл ажиллагаа нь байгаль орчны боловсролыг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх, байгууллагуудын хамтын оролцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад бодит хувь нэмэр оруулж байна.






