
Монгол Улсад нийт 1558 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас Дорнод аймагт 60, Сүхбаатар аймагт 27, Хэнтий аймагт 65 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн улсын хэмжээнд 15,023 тариалан эрхлэгч өрхтэй бөгөөд үүнээс Дорнод аймагт 1,429, Сүхбаатар аймагт 210, Хэнтий аймагт 586 өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.
Зүүн бүс улсын тариалангийн салбарын нийт үйлдвэрлэлд эзлэх байр суурийг тодорхойлбол, үр тарианы 13 хувь буюу 38.1 мянган тонн, төмсний 3 хувь буюу 3.9 мянган тонн, хүнсний ногооны 2 хувь буюу 3.8 мянган тонн, тэжээлийн ургамлын 9 хувь буюу 18.3 мянган тонн, техникийн ургамлын 16 хувь буюу 5.1 мянган тонныг тус тус үйлдвэрлэж байна. Энэ нь бүс нутгийн хүнсний хангамж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд газар тариалангийн салбар чухал хувь нэмэр оруулж буйг илтгэж байгаа юм.
Зүүн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтаар:
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Хэрлэн суманд үр тариа хадгалах 10.0 мян.тн багтаамжтай үр тарианы элеваторын дээд байгууламжийн ажлыг үргэлжлүүлэх;
-Газар тариалангийн бүтээгдэхүүнийг зүүн бүсийн боомтуудаар экспортлох боломжийг бүрдүүлэх;
-Зүүн бүсийн хөдөө аж ахуйн, сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнг өргөжүүлж, бүс нутгийн хөрс цаг уурт тохирсон үр тариа, сэлгээний таримал, хүнсний ногооны анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлэх;
-Орон нутгийн мэргэжлийн сургуулийг түшиглэн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах сургалт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах;
-“Агро парк” төслийг хэрэгжүүлэн “Өвлийн хүлэмж”-ийн аж ахуй байгуулах зэрэг асуудлыг бүсийн үйлдвэрлэл эрхлэгчид салбарын бодлогод тусгаад байна.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
