
Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.
Тус хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Эрдэмтдийн зөвлөлийн дарга Ч.Даваабаяр удирдан явууллаа.

Энэхүү хуралдаанд “Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, санал шийдэл” сэдвээр УГТЭШХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Т.Атарсайхан, “Монгол орны малын генетик нөөц, үржүүлэг селекци, мал аж ахуйн өнөөгийн байдал, санал шийдэл” сэдвээр ХААИС-ийн Мал аж ахуйн технологи дамжуулах төвийн захирал доктор, дэд профессор О.Баатарцогт нар танилцуулж, газар тариалан, үрийн аж ахуй мөн мал аж ахуйн салбарт цаашид хэрэгжүүлэх ажлууд, авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.


Тоймловол,
Үрийн аж ахуйн хувьд:
- Таримлын генетик нөөцийг нэмэгдүүлэх
- Селекцийн лаборатори байгуулах
- Үр үржүүлгийн тогтолцоог сайжруулах
- Улаанбуудай, төмс, хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх талаар танилцуулан, хэлэлцсэн бол,
Мал аж ахуйн хувьд:
- Мал аж ахуйн нэгдсэн бүртгэлийн платформ үүсгэх
- Кластер загварын экосистемийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Салбарын хүний нөөцийг чадавхжуулах жишиг төв байгуулах
- Цаг уурын нөхцөлд дасан зохицох, ашиг шим өндөртэй цөм сүргийг бүрдүүлэх гэсэн үндсэн дөрвөн саналыг хүргэсэн юм.




Энэ удаагийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнг эрчимжүүлж, газар тариалан, мал аж ахуйн салбарт шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэн, салбарын боловсон хүчнийг чадавхжуулан нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
