
“Дэлхийн зөн” олон улсын байгууллага болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын төлөөлөгчид Өвөрхангай аймагт ажиллалаа.
“Дэлхийн зөн” ОУБ нь КОЙКА-тай хамтран “Зудын эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь (CRAD)” төслийг 2027-2029 онд Өвөрхангай, Говь-Алтай, Увс аймгийн 10 суманд хэрэгжүүлэхээр төслийн саналыг боловсруулж байна.
Энэ хүрээнд тус байгууллагын төлөөлөгчид аймгийн болон холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, Өвөрхангай аймгийн цаг уурын өнөөгийн нөхцөл байдал, малын хорогдол, зудын үеийн тусламж болон цаашид тулгарч болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэл солилцлоо.
CRAD төслийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын хүндрэл, зудын эрсдэлтэй үед малчдад хүргэх урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай, хүртээмжтэй болгох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, малчин өрхийн даван туулах чадавхыг бэхжүүлэх зэрэг үр дүн гарна. Мөн малчдыг эрсдэлийг даван туулах бүлгийн зохион байгуулалтад хамруулж, хамтын хүчээр малын тэжээлийн ургамал тариалах, нөөц бүрдүүлэх, гамшгийн бүх үе шатанд бэлэн байх арга зүй, мэдлэгийг олгоно.
Төслийг боловсруулж, 7 дугаар сард хөрөнгө оруулагч байгууллагад танилцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
