
Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах гэж байна. Тус хурлыг зохион байгуулах дэд хороод байгуулагдаж, Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хорооны ажлын хэсгийн хурал боллоо.

Хуралд дэд хорооны ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, ОБЕГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар:
- Б.Баттулга- Коп 17 /COP-17/ Бэлтгэл ажлын албаны Хэлтсийн дарга
- Ж.Дуламсүрэн- Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга нар ажиллаж байна.

Тус дэд хорооны үндсэн чиг үүрэг нь:
- Хоол хүнсний аюулгүй байдлыг хангах
- Эрүүл аюулгүй хоол, ундны үйлчилгээ үзүүлэгчид, түүнчлэн тусгай хэрэгцээт үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэгч нарын төлөвлөлт, түүний бэлтгэл, зохион байгуулалтыг хариуцан ажиллах
- Хог хаягдалгүй, байгальд ээлтэй үндэсний хоол үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, танилцуулах
- Хоол хүнсний аюулгүй байдлын стандарт, журам мөрдүүлэх, хоол хүнсэнд эрүүл ахуйн шалгалт хийх
Хурлаар Цөлжилттэй тэмцэх XVII бага хурлын ерөнхий төлөвлөлт, бүтэц зохион байгуулалттай танилцан үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцлоо.


Монгол Улсад болох Коп 17 /COP-17/ бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, дараах гол зорилтуудыг дэвшүүлжээ.
- Монгол Улсын санаачилга, бодлогыг олон улсад сурталчлах
- Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх
- Бэлчээрийн менежмент, газрын ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратегийг сайжруулах
- Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түншлэлийг нэмэгдүүлэх
Хурлын бэлтгэл ажлын хүрээнд Төв талбайгаас 7 км зайд хурлын байгууламж барихаар төлөвлөж байна. Үүнд:
- Цэнхэр бүс – 40-100 м² бүхий павильонууд
- Ногоон бүс – 5,000-15,000 м² бүхий арга хэмжээний талбай
Монгол орны нийт газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн бөгөөд газрын доройтол эрчимтэй явагдаж, ургамлын гарц буурсан, байгалийн нөхөн сэргэлтийн боломж хумигдсан нь судалгаагаар тогтоогджээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс олон улсын хэмжээнд бэлчээрийн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд манлайлан оролцож байна.
