
Увс аймгийн хэмжээнд энэ жил 2.6 сая мал өвөлжүүлэхээр төлөвлөж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэхэд 200 сая төгрөг, 19 сумын аюулгүйн нөөцөд бэлтгэхэд нийт 485 сая төгрөг төсөвлөжээ.
Бэлчээрийн даац болон цаг агаарын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдыг мал сүргийнхээ 20-иос дээш хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас уриаллаа. Мөн өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийх малчид хүсэлтээ харьяа сумынхаа хөдөө аж ахуйн мэргэжилтэнд гаргаж, отрын зохион байгуулалтад хамрагдахыг зөвлөжээ.
Аймаг, сумдын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах ажил үргэлжилж байна. Одоогоор Баруунтуруун суманд нэг боодол өвс 15 мянга, Тариалан суманд 18 мянган төгрөгөөр худалдаж байна.
Түүнчлэн энэ жил аймгийн хэмжээнд 8086.7 га талбайгаас 5763.7 тонн ургац хураан авах урьдчилсан тооцоо гаргажээ. Энэ нь нэг га-гаас дунджаар 6.4 центнер ургац хураах төлөвтэй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
