
Дундговь аймгийн иргэн А.Эрдэнэцог 2023 онд барилгын зоорийн давхарт малын тэжээл үйлдвэрлэж эхэлжээ. Орон нутгийн хэрэгцээнд тулгуурлан эхэлсэн энэ үйлдвэрлэл малчдыг тэжээлээр хангах, өвөлжилтийн бэлтгэлээ базаахад дэмжлэг болж байна.
Дундговь аймаг 2023-2024 оны өвөл 3.7 сая толгой мал өвөлжүүлэхээр тооцож, тухайн оны 11 дүгээр сарын байдлаар өвөлжилтийн бэлтгэлээ 88.2 хувьтай хангасан байв. Харин гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөний биелэлт 66 хувьтай байжээ. Энэ нь малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байсныг харуулж байна.
Орон нутагт малын тэжээл үйлдвэрлэснээр малчид хэрэгцээт бүтээгдэхүүнээ холоос тээвэрлэн авах зардлаа бууруулж, тэжээлээ ойроос авах боломжтой. Мөн тэжээлийн нөөцөө урьдчилан бүрдүүлэх нь ган, зудын үед мал сүргээ хамгаалж, өвөлжилтийг хүндрэл багатай давахад чухал ач холбогдолтой юм.
Малын тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжих нь орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, малчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой. Ялангуяа бэлчээрийн ургамлын гарц муудаж, ган, зудын эрсдэл нэмэгдэх үед тэжээлийн нөөц бүрдүүлэх нь малын хорогдлоос сэргийлэх, малчдын амьжиргааг хамгаалахад чухал үүрэгтэй.
Дундговь аймагт “Мөнхийн зун” тэжээлийг А.Эрдэнэцог, “Мандалын шим” улаан буудайн тэжээлийг Ө.Эрдэнэтунгалаг нар тус тус санаачлан үйлдвэрлэж байна. Орон нутгийн удирдлагууд эдгээр үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг худалдан авч, сумдад хуваарилан олгож, үйлдвэрлэлийг нь дэмжиж иржээ. Энэ нь орон нутгийн үйлдвэрлэлийг малчдын хэрэгцээтэй уялдуулж, дотоодын тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил юм.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандалын шим” үйлдвэр улаан буудайн соёолжоор малын шимт тэжээл үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрлэгчийн мэдээлснээр уг бүтээгдэхүүн нь малын тамир тэнхээг нэмэгдүүлэх, бие махбодыг хоргүйжүүлэх, сүүний гарцыг өсгөх, төлөрхөг чанарыг сайжруулах, махны чийглэг, шүүслэг чанарыг нэмэгдүүлэх ач тустай аж.
Тус тэжээлийг бог малд өдөрт 2.5 кг, бод малд 3.5 кг-аар тооцож, дангаар нь болон бусад тэжээлтэй хольж өгөх боломжтой. Мөн нарны шууд тусгалаас хамгаалсан, сэрүүн нөхцөлд нэг жил хүртэл хадгалах боломжтой юм.



Эх сурвалж: Монцамэ агентлаг
