
Төв аймгийн Баян сумын малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах “Баянгийн алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 30-нд сумын Соёлын төвд тав дахь жилдээ болно.
Үзэсгэлэн худалдаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, үйлдвэрлэгчид оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулан борлуулах юм. Ингэснээр орон нутгийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэх, иргэд малчид, тариаланчид, хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг зуучлагчгүйгээр худалдан авах боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Өмнөх жилүүдэд тус үзэсгэлэн худалдаанд жилд дунджаар 10-15 өрхийн үйлдвэрлэгч оролцож, 7-10 сая төгрөгийн борлуулалт хийдэг байна.
Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар хамгийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэсэн үйлдвэрлэгчээр Б.Доржнамжил, хамгийн өндөр борлуулалт хийсэн үйлдвэрлэгчээр Н.Мандах нар шалгарч байжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
