
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2026 оны аравдугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо Герман-Монголын Эдийн засгийн хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэл, тэргүүлэх салбаруудад хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв.
Хуралдааныг Герман-Ази, Номхон далайн бизнесийн холбооны захирал Анна-Лена Шютте, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч О.Мандахбаяр нар нээж, уулзалтын зорилго, хэлэлцүүлгийн зохион байгуулалтыг танилцууллаа. Үүний дараа Герман-Монголын Эдийн засгийн хорооны хамтарсан дарга нар болох WPD Asia GmbH компанийн ерөнхий менежер Ханс-Кристоф Брумберг, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай нар нээлтийн үг хэлэв.



ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний холбооны яамны Зүүн Азийн эдийн засгийн харилцаа хариуцсан хэлтсийн дарга Вольфганг Штоппер, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар танилцуулга хийлээ. Мөн тэргүүлэх салбаруудын хүрээнд бизнесийн төлөөлөгчид илтгэл тавьж, хамтын ажиллагааны боломж, тулгамдаж буй асуудал болон харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэх талаар санал солилцов.
Хуралдааны төгсгөлд оролцогч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн санал, асуултыг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах боломжит чиглэлүүдийг тодорхойлох асуудлыг хөндлөө. Хуралдааныг хоёр улсын хамтарсан дарга нар хааж, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бизнесийн байгууллагуудын оролцоо, харилцаа холбоог бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

















