
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Беларусь-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Минск хотноо зохион байгуулав.
Монгол, Беларусийн бизнес форумд оролцсон Монголын бизнесийн төлөөлөгчид Беларусийн нэхмэлийн салбарын томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Камволь” компанийн үйл ажиллагаатай танилцаж, ноолуур боловсруулах, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.
Минск хотод байрлах “Камволь” үйлдвэр нь 1955 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн бүрэн дамжлагатайгаараа онцлог юм. Тус компани мерино ноос болон төрөл бүрийн байгалийн, нийлэг ширхэгт ашиглан өндөр зэрэглэлийн даавуу, сүлжмэл эдлэл, нэхмэлийн утас үйлдвэрлэдэг. Мөн “Lemongrass” брэндийн нэрээр эрэгтэй костюм, пиджак, өмд үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг төрөлжүүлэн хөгжүүлж байна.




Уулзалтын үеэр “Камволь” компанийн ерөнхий захирал Татьяна Алексеевна Лугина Монголын түншүүдтэй хамтран ноолуур боловсруулах, өндөр зэрэглэлийн сүлжмэл болон пальтоны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд технологийн туршилт хийх зорилгоор нэг тонн ноолуурын эслэг худалдан авч, түүгээр утас үйлдвэрлэх боломжийг судлахаар төлөвлөжээ.
Форумын хүрээнд Монгол, Беларусийн компаниуд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр хоёр санамж бичиг байгуулсан нь уулзалтын бодит үр дүн байлаа. Тухайлбал, “KHANBOGD Cashmere” компанийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг “Камволь” компанитай даавуу, нэхмэлийн түүхий эдийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бол “Нэхээсгүй эдлэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцолмон нэхээсгүй эдлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Ийнхүү хоёр улсын үйлдвэрлэгчдийн уулзалт нь Монголын ноолуурын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, үйлдвэрлэлийн технологи, туршлага солилцох, цаашлаад харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэх боломжийг нээж байна.

