Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эх орныхоо үржилт шимт хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоог дотоодоосоо хангах зорилготой “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлсэн. Хөрс эрүүл бол хүнс эрүүл-Хүнс эрүүл бол хүн эрүүл гэдэг.
“Хүнсний хувьсгал”-д тэр дундаа төмс, хүнсний ногооны чиглэлээр хамгийн их үүрэг гүйцэтгэж буй аймаг Дархан-Уул. Улсын нийт хэрэгцээний 25-30 орчим хувийг дангаараа хариуцаж, жилийн дөрвөн улиралд зах зээлд нийлүүлж байна.
Хаврын хавсарга, нар, салхи, бороо, цасыг сөрөн тархиндаа боловсруулсан технологио тариан талбайд хавартаа суулгаж, намартаа ургадаг алтыг Орхончууд улсдаа нийлүүлдэг юм. Тэрхүү хөдөлмөрч ард түмний нэг нь Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Норовын Нямдаваагийн montsame.mn/mn-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Н.Нямдавааг онцолж, түүний ургацын талбайг зорилоо. Нутагтаа гэр бүлийн хамтаар хүнсний ногоо тариалж зах зээлд эрүүл, чанартай хүнсний нэмэлт бордоогүй төмс, лууван, манжин, хулуу нийлүүлж байна. Орхон сумын Шарын дэрсийн урд төмөр замын нүхэн гарцын зүүн талд уулын энгэр бараадан энэ жил ногоогоо тарьжээ. Өнгөрсөн жил сумын төвийн чанх урдах Шарын голын хөндийд олон жил тариалсан талбай нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нэг үерт урсжээ. Хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө шингээсэн хөрсөн дэх ургадаг эрдэнийг нэг л шөнө Шарын голын үер бүрхсэн аж. Энэ жил дахин тийм зүйл болохоос урьдчилан сэргийлж Баян уулаа бараадан өндөрлөгт тариалалт хийжээ.
Түүнийг онцолж очсон шалтгаан нь өдөр тумын хэрэглээнд төдийлөн сайн хэрэглэгдэггүй ч монголчууд бүгд л мэдэх нэгэн төрлийн ногоог ил талбайд захиалагчийн дагуу тарьж ургуулжээ.
Тэрхүү ногоо нь хулуу юм. Улсын хэмжээнд төмс, хүнсний ногоо шиг элбэг тариалдаггүй ч учир мэдэх хүмүүс, эсвэл эрүүл мэнддээ хайртай хүмүүс өрхийн хэрэглээндээ тохируулан тарьдаг ажээ.
-Намаржаа тавтай сайхан уу? Ургац арвин уу?
-Сайхан намаржиж байна. Ургац арвин сайхан байна. Өнгөрсөн жил үерт урсгаж яах учраа олохгүй байсныг бодвол энэ жил өгөөжтэй сайхан өнгөрлөө. Хур бороо оройтож орсон ч усалгааны ситемтэй болохоор арвин сайхан ургац авлаа.
-Энэ жил хэдэн төрлийн ногоо тариалсан бэ?
-Энэ жил 6-7 төрлийн ногоо тарьсан. Урд өмнө тарьдаг ногоогоо уламжлал ёсоор тарьсан. Түүний хажуугаар хоёр төрлийн хулуу тарьж үзлээ. Хулуугаа ААН-ийн захиалгаар тарьсан, боломжийн юм байна. Өнгөрсөн жил туршилтаар тарьж, туршиж бага зэргийн туршлага судалсан. Боломжийн санагдахаар нь энэ жил ноднингийнхоос өөр сортыг тарьж ургуулаад хураалтаа хийж байна.
-Орхончууд бүгд л хулуу тарьж байна уу? Эсвэл…
-Манай монголчууд хулуу гэдэг ногоог өдөр тутмын хүнсний хэрэглээндээ төмс, бусад ногоо шиг нэвтрүүлж чадаагүй юм болов уу гэж анзаарсан. Зарим айл өрхийн хэрэглээнд тохируулан тарьж ургуулдаг. Харин ил задгай том талбайд бараг тариалдаггүй.
-Сумын төвийн урд талбайг бодвол өндөрлөг юм. Усалгаагаа хэрхэн шийдсэн бэ?
-Эрт ургацын хэлбэрт шилжүүлээд гялгар уутан даралганд тариад, дуслын системээр усалгаагаа шийдэж тариалсан. Сэрүүн жил эрт гарах нөхцөл бүрддэг юм билээ. Мөн дуслын системийн усалгаа нь усны хэмнэлттэй, усыг цэгцтэй ашиглахын зэрэгцээ хог ургамал, зэрлэгтэй тэмцэхэд маш боломжийн санагдсан.
-Хулуу олон төрөл байдаг. Нэг сортыг дагнасан уу?
-Өнгөрсөн жилийн турлага дээрээ зориглоод найзтайгаа хамтран 7га орчимд хоёр төрлийг тарьсан. Ногоон хулуу буюу хурган гуа таван га талбайд, бөөрөнхий шар хулууг хоёр га-д тарьсан. Ногоон хулуунаас илүү бөөрөнхий шар хулууг монголчууд нэлээд хэрэглэдэг юм билээ.
-Хулууг хэрхэн хэрэглэдэг, хүнсэнд болон хүний биед ямар ач тустай ногоо вэ?
-Урд өмнө нь тариалж байгаагүй, өнгөрсөн жилийн туршлага мөн захиалагчийн дагуу тарьж ургуулсан болохоор бүр нарийн ач тусыг мэдэхгүй. Хулууны ашиг тусыг массаараа бус тодорхой хүрээнд л мэддэг юм билээ. Төмс шиг л хүнсний бүтээгдэхүүн гэдэг. Дахин боловсруулалт хийж л ашигладаг юм билээ. Европчууд харин хулууг элэгний эм гэдэг гэж сонссон. Тэр нь үнэн юм билээ, хүмүүсээс асууж тодруулах, сошиалаар үзэж харж байхад элэгт их сайн гэж байсан. Төмсийг орлуулдаг, хуурай бодисын агууламж багатай ус их агуулсан учир барууны орнууд маш сайн хэрэглэдэг.
Зуккини буюу хурган гуа (Их Британийн англи хэлэнд “courgette” гэж нэрлэдэг) бол зун ургадаг хулууны төрлийн ногоо юм. Зуны хулууг үр болон хальс нь хатуурахаас өмнө хурааж авдаг. Хурган гуаг 20-р зууны эхэн үед Италиас АНУ-д авчирч байжээ. Итали хэлний “zucca” гэх үгнээс гаралтай бөгөөд энэ нь хулуу гэсэн утгатай. Хурган гуа ногоон, тод шар эсвэл улбар шар өнгөтэй байж болно. Хурган гуаг түүхийгээр нь эсвэл болгож идэх бөгөөд аль аль нь эрүүл мэндэд ач тустай.
Гэхдээ Монголчуудын хувьд нийтлэг л биш болохоос хэрэглэж сурсан, байнга хэрэглэдэг ч хүмүүс бий. Төмсийг цардуул ихтэй гэдэг ч өдөр тутам хэрэглэдэг. Хулуу бол өргөст хэмхтэй адил ус агуулсан. Өргөст хэмхийн 90 орчим хувийг ус агуулсан гэдэг. Үүнтэй адил цардуул, хуурай бодисын агууламж маш бага учир шингэц хурдан давуу талтай.
-Хүний биед сөрөг нөлөөгүй, цардуул багатай гэлээ. Төмсний оронд хэрэглэж болох юм бол яагаад өргөн хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг ногоочид авахгүй байгаа юм бол. Шалтгаан нь…
-Хулууг Монгол оронд тарих цаг уур, хөрс гээд бүхий л нөхцөл нь бүрдсэн. Тариалж байгаа иргэн, ААНБ-ууд олон бий улсын хэмжээнд. Гагцхүү хэрэглэгч багатай учраас төмс шиг их хэмжээгээр, төдийлөн сайн тарихгүй байна. Хэрэглээнд нь тохируулж тарьж байгаа гэж хэлж болно. Ашиг тусыг мэдээд хэрэглээд сурчих юм бол өргөн хэрэглээнд нэвтрүүлж болох л байх. Гагцхүү усны агууламж өндөртэй, өргөст хэмхтэй төстэй болохоор хадгалалт даах чадвар муу юм.
-Хоёр өөр төрлийн хулуу тарьсан гэсэн. Ялгаа нь, бас хэрэглээ нь…
-Ногоон урт хулууны тухайд ургац өгөхдөө сайн юм. Яг хэрэглэх тохиромжтой болсон үе нь том биш жижгээс дунд зэрэг. Нэг их томруулахгүйгээр хураагаад байвал дахиад ургаад л байна. Ер нь 100 гаруй тн хураагаад авсан. Дахиад хураах талбай байна. Захиалагч тал маань татан авалт хийхгүй байгаагаас шалтгаалан хадгалах, агуулахгүй болохоор талбайд ил байгаа. Бас хадгалалт даах чадвар муу гэж түрүүн хэлсэн. Хэт томорчихвол жижиг хулуу гарах магадлал бага. Учир нь том хулуу хамаг шим тэжээлээ авчихдаг бололтой. Нэг га талбайгаас 20 гаруй тн авсан.
Харин бөөрхөнхий шар хулуу арчилгаа их шаарддаг, га-аас авах ургацын хэмжээ нь ногоон хулууг бодвол харьцангуй бага. Урт ногоон хулууг бодвол шар бөөрөнхий хулууг монголчууд хэрэглээд сурчихсан. Бас ч үгүй зарим үед эрэлттэй байдаг юм билээ.
-Үнийн тухайд боломжийн уу? Хэдэн төгрөгөөр захиалагч талтай гэрээ байгуулсан бэ?
-Гэрээ хийсэн учраас гэрээнийхээ үнийн дагуу тухайн компанидаа нийлүүлнэ. Урт ногоон хулуу нэг кг 800 төгрөг, бөөрөнхий шар хулуу нэг кг нь 1000 төгрөгийн гэрээ хийсэн. Зах зээлд буюу жижиглэн худалдаа эрхлэгчид арай өөр, бага зэргийн өндөр үнээр худалдаалж байгаа.
-Өргөн хэрэглээ багатай, нэг үгээр зах зээл муутай гэж байна. Захиалагч тал тэгвэл гадаад руу гаргах гэж танд захиалга өгч тариулсан юм болов уу?
-Яг нарийн учрыг нь мэдэхгүй юм. Ямар та ийм их хэмжээгээр яах гэж байгаа юм гэлтэй биш. /инээв/ Миний бодлоор хулууг захиалагчтай байж тарихгүй бол энгийн төмс, хүнсний ногоо шиг борлуулна гэдэг хэцүү. Эрэлт муу, хэрэглэгч багатай манай улсын тухайд их хэмжээгээр тарих шаардлагагүй юм шиг санагдсан. Өргөн хэрэглээнд нэвтрүүлж чадвал элэгт маш сайн гэж учир мэдэх хүмүүс олон хэлсэн. Гадаадынхан ч гэсэн элэгний эм гэж ярьдаг. Өдөр тутамдаа хэрэглээд сурчихсан. Ер нь дахин боловсруулалт хийгээд гадаад зах зээл, ялангуяа Европын орнуудад гарах гарц бол байгаа гэж харж байна. Одоо чинь цаг үе өөр болсон шүү дээ. Гэрээ хэлэлцээр, нийлүүлэлт гэдэг бол нөхцөл нь бүрдчихвэл амархан болсон. Гол нь хэрэглэгч л чухал. Бусад ногоотой адил хэрэглээнд нэвтэрчихвэл иргэдийн маань элэгт сайн юм болов уу гэж бодож байна.
-Ер нь аймаг орон нутаг болоод улсаас хулууны тариалалтад хэр ач холбогдол өгдөг юм бол?
-Аймгийн ХХААГ-аас өнгөрсөн жил, энэ жил ирж танилцсан. Тариалалт, арчилгааны талаар ярилцсан. Орон нутгаас яг бодит дэмжлэг бол байхгүй. Нутагшуулж буй хүнсний ногооны төрөлд анхаарал хандуулж мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө өгөх зэргээр ажилладаг. Гагцхүү борлуулалтын тал дээр санаа нь зовдог. Хулуу тарьж эхэлсэн мөн л борлуулалтын талаар санаа зовж эхэлсэн. Борлуулалтгүйгээс шалтгаалан хаягдах вий гэдэг дээр. Эсвэл бүр бага хэмжээгээр тариалаад тодорхой хүрээнд хэрэглээд сурсан хэрэглэгчдэдээ зориулж худалдвал болно. Их хэмжээгээр тарьсан тохиолдолд борлуулалтгүй л гэж ойлгож болно. Хамгийн гол нь захиалагчийн дагуу л тариалж борлуулна. Түүнээс энэ их хэмжээгээр тарьчихаад ногоочид өөрсдөө борлуулна, жижиглэнгээр худалдаална гэвэл бидний ажил үнэхээр амжихгүй.
Миний бодлоор бүтэн тивийн улс гүрнүүд хэрэглээд сурчихсан. Дахин боловруулалт хийж хадгалалт даадаг болгосон. Тэгэхээр дотоодын хүнсний хэрэглээнд нэвтрүүлэх бодлого хэрэв урган гарч ирвэл нэн түрүүнд дахин боловсруулах үйлдвэрийг л барих хэрэгтэй. Мөн бидэнд газар нутаг нь байна. Хаана ч тарих боломжтой юм чинь гадаад зэх зээлийг нарийн судалж ногоочидтойгоо хамтарч ажиллавал зүгээр санагдсан. Жижиг, дунд зэрэг байхад хэрэглэдэг юм билээ. Томруулахгүйгээр тийм хэмжээнд хураагаад байвал ургацаа хэд хэд өгөх давуу талтай. Тэгэхээр эрүүл мэндээ ч тэр, ашиг орлогоо ч тэр бодох юм бол жаахан анхаарал хандуулж ач холбогдлыг нь харьяа яам, засгийн газар авч үзвэл бидэнд боломж нь байна. Тэгэхээр эрэлт, нийлүүлэлт, гадаад зээлийг нь холбох хэрэгтэй.
-Хүнсний ногооны зарим нэр төрөлд урамшуулал олгодог. Хулуунд урамшуулал байдаг уу?
-Хүнсний ногооны урамшуулал гэж бий. Түүнд хулуу ороогүй. Энэ таримал нь улсын хэмжээнд нийтлэг болоогүй учраас хүнсний ногооны урамшуулалд ороогүй юм шиг байна лээ.
-Тариалж буй хүнсний ногооныхоо талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Энэ ярилцлага маань Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалын хүрээнд хийж байгаа юм. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал бол маш зөв зүйтэй уриалга. Үүнийг хэрэгжүүлж хүн амынхаа хүнсний хэрэгцээг дотооддоо хангах, эрүүл, чанартай хүнс тариалах нь бидний үүрэг. Гаднаас хүнсний ногоо оруулж ирэх, эх орныхоо хөрсөнд ургасан буух эзэн, буцах хаягтай, сэтгэл шингэсэн хүнсний ногоо хэрэглэнэ гэдэг маш чухал.
Бид мөнгөө гадагшаа гаргах биш дотооддоо түүнийгээ эргэлдүүлэх хэрэгтэй. Мөн хүнсний ногоо тариалсан тн тутамд урамшуулал олгож байгаа. Тэр бодлого нь ч төмс, хүнсний ногооны тариалах хэмжээг нэмэгдүүлэх хөшүүрэг болж байна.
Гэхдээ анхаарах зүйл байна. Зарим жилүүдэд хүнсний ногооны нэр төрөл дээр илүүдэл үүсдэг. Жишээ нь төмс, шар лууванд илүүдэл үүсэж байсан тохиолдол бий. Хятад улс төмсний илүүдэлтэй жилдээ цардуулын үйлдвэртэй ашигладаг. Газар тариалангийн бүсдээ цардуулын үйлдвэр барьчихсан. Дахин боловсруулалтад оруулах зэргээр цардуулахынхаа үйлдвэр илүүдэл төмсөө тодорхой үнээр худалдаалчихдаг. Ингэхээр хүнсний ногоо хаягдана гэсэн ойлголт байхгүй. Манай улсын тухайд 2012 онд төмс илүүдсэн. Цаашид энэ байдал үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй учраас төр засаг анхааралдаа авч дахин боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн хэмжээндээ тохирсон жижиг, бага оврын үйлдвэрүүд барьж л байгаа. Гэхдээ тэр нь илүүдэл гарсан жилд хүчин чадал нь хүрэхгүй.
Жишээ нь хулууг дахин боловсруулах, хөлдөөж хэрэглэдэг. Дахин боловсруулах үйлдвэр барьчихвал хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болохыг ч үгүйсгэхгүй. Мөн гаднаас авдаг хулууны төрлийн бүтээгдэхүүнээ орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй.
-Та бүхэнд тулгамддаг асуудлын нэг нь зоорь. Зоорийн хүрэлцээ хэр байна?
-Хувь хүмүүс зоорьтой л доо. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Зоорьгүй бол ногоо тариад нэмэргүй. Төсөл болон хувийн хөрөнгөөр иргэд зоорь барьж л байна. Харин төсвийн хөрөнгөөр барьсан Улсын данстай зоорь гэсэн зүйл жимс ногооны орон гэгддэг манай суманд алга л байна. Хэрэв улсын хөрөнгөөр барьсан, улсад данстай томоохон зоорь байвал бид ургацаа намарт нь дуусгачихгүй улирал, улиралдаа хэрэглээндээ тохируулаад гаргах боломжтой.
Усны агууламж өндөртэй өргөст хэмх, хулуу зэрэг ногоог хадгалах зориулалтын зоорьгүйн улмаас импортоор оруулж ирэх нь элбэг. Хэрэв тийм агуулах, зоорьтой бол энэ тарьсан хулуугаа хадгалаад л хэрэглээнд тохируулан гаргах боломжтой шүү дээ. Гол нь хөргөлтийн систем. Тэгж байж л бид зуны дэлгэр цагт Монголынхоо хөрсөнд ургасан ногоог хэрэглэх боломжтой. Өрхийн хэмжээнд түүнийг шийдэж чадахгүй л яваад байна. Зарим нь хөргөлтийн системтэй болж байна. Гэхдээ нийтлэг биш.
Бидний зоорь чинь намраас ирэх хавар хүртэл л хадгалах боломжтой өрхийн л зоорь шүү дээ. Тиймээс газар тариалангийн бүс нутагтаа зоорийн аж ахуй бий болгох, зоорийн аж ахуй эрхлэх хэрэгтэй. Ингэж чадвал дээр хэлсэн шиг 5-8 дугаар сард хэрэглэх ногоогоо бид гаднаас оруулж ирэхгүйгээр дотоодоосоо хангах боломжтой.
-Ажиллах хүчин улсын хэмжээнд дутагддаг. Таны тухайд ажиллах хүчнээ хаанаас авч байна?
-Ногоочдын өмнө тулгамддаг асуудал яах аргагүй ажиллах хүчин байдаг. Жилээс жилд ажиллах хүн олдохгүй, ажилласан ч удаан тогтвортой байж чаддаггүй. Харин энэ жил Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулиудад чиглэлд өгсөн юм билээ. Тийм учраас ажиллах хүчний тухайд ногоо хураалтад сургууль бүр оролцоотой байна.
Манайх Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараагийн мэргэжлийн сургуультай хамтарч ажилладаг. Энэ жил ч мөн хамтран ажиллаж ургац хураалтад оюутнууд оролцож байна.
Ер нь дахиад хэлэхэд Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн бол маш зөв. Ажиллах хүчний хувьд ч бидэнд их түлхэц болж өгсөн. Зарим жил оюутнууд ургац хураалтад оролцохгүй ч тохиолдол байдаг. Энэ намрын хураалтад оюутнууд сайн оролцож байна. Жил ирэх бүр газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт ажиллах сонирхолтой залуучууд бага болсон. Гар хөдөлгөхгүй биеийн амрыг бодсон, шороо тоостой зууралдаж ядрахгүйгээр л мөнгө олохыг боддог.
-Ногооны үнийн тухайд…Ногоочид л ногоогоо маш үнэтэй нийлүүлж байна гэдэг шүү дээ?
-Жижиглэнгээр ногоо худалдан авдаг бүх л хүн үнэтэй байна гэдэг. Гэвч сүүлийн арав гаруй жил ногоочдын гар дээрээс худалдаалж байгаа үнэ бараг хэвээрээ. Жишээ нь шар лууван нэг килограммыг газар дээрээс нь 500 төгрөгөөр худалдаж аваад Улаанбаатар хот болон аль нэг аймагт очиход 1000-1500 төгрөг болж 2-3 дахин нэмэгдэж очдог. Ер нь 90-ээд оны сүүл үед л ийм үнэтэй байсан. Хэрэглээгээ дагаад тарилт, өртгөө дагаад үнэ бага зэрэг нэмэгдсэн.
Өнгөрсөн зуны тухайд төмс болон зарим ногоо нэлээд үнэ нэмэгдсэн. Энэ нь жилээ даах хэмжээний томоохон агуулах, зоорь нэн шаардлагатай гэдгийг харуулсан. Тэр нь гэхдээ зориулалтын хөргүүрийн системтэй. Нөгөөтэйгүүр хил хаагдаж импортоор орж ирэх бүтээгдэхүүн саатахад худалдаа эрхлэгчид үнэ дээр тоглолт хийж үнийн хөөрөгдөл бий болгон, зохиомол хомсдолд ч оруулж үзлээ шүү дээ. Тэр нь гэхдээ түр хомсдол үүсгэсэн. Эцсийн хэрэглэгчдэд очихдоо шат дамжлагаасаа шалтгаалаад үнэ нэмэгдээд байна. Бид өнгөрсөн хавар төмсийг 700 төгрөгөөр л нийлүүлсэн. Тэр нь төд удалгүй хэдэн мянгад хүрсэн. Хүнсний ногооны дахин боловсруулах үйлдвэртэй болох нь боловсруулалт хийх, тодорхой нэг үнэтэй байхад үнийн хөөсрөл үүсэхгүй гэж бодож байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалжаа дурдаад нийтэлнэ үү? Тамгатай зургийн тамгыг нь тасдаад оруулсан байна.
🤢🤢🤢🤢🤢🤢🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮