2022 он. Дэлхийн хүн ам найман тэрбумд хүрлээ. Үүнээс үзэхэд 2050 онд дэлхийн хүн ам есөн тэрбум хагаст хүрэх болно гэсэн судалгаа гарчээ. Энэ 30 жилийн хугацаанд зөвхөн хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ бидний идэх хоол хүнсний хэмжээ ч үлэмж хэмжээгээр өснө. Зөвхөн Хятадад л гэхэд 1998-аас 2018 оны хооронд махны хэрэглээ 72 хувиар өсчээ.
30 жилийн дараах дэлхийн хүн амыг тэжээхийн тулд бид одоогийн хүнсний үйлдвэрлэлээ дариу 70 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Харамсалтай нь, дэлхий даяарх хүлэмжийн хийн гуравны нэг буюу 30 гаруй хувийг ХАА салбар, хүнсний хаягдал эзэлж буй. Хэрэв бидний хэрэглээ энэ хэвээр нэмэгдсээр байвал ирээдүйд манай дэлхий дээр “I Robot” кинон дээр гардагтай ижил роботуудын бослогоос илүүтэй хүнсний төлөө тэмцсэн хүн төрөлхтний дайн болох магадлал хэд дахин илүү юм.
Яг одоо бид улам их хүнс үйлдвэрлэх үү? эсвэл ирээдүй үедээ эх дэлхийгээ хадгалан үлдээх үү? гэсэн хүндхэн сонголтын өмнө ирээд байна.
ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ ИРЭЭДҮЙД ХЭРХЭН НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ ВЭ?
Монголчууд эртнээс “Хүн нэмэгдбэл хүнс нэмэгдэнэ” хэмээн ерөөж ирсэн ард түмэн. Гэвч дэлхийн иргэд бүл нэмэх бүрдээ хүнсний хэрэглээгээ дагаж өсгөвөөс төд удалгүй зэрлэг онгон байгаль хатаж үгүй болох аюултай тухай та бодож үзсэн үү? Дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлөгч хүчин зүйлсийн нэг болох ХАА, газар тариалан нь автомашин, галт тэрэг, нисэх онгоцноос хол илүү хүлэмжийн хий ялгаруулагч “хэргийн гол эзэн”.
Мал аж ахуй, тутрагын талбайгаас газ метан, бордсон талбайгаас азотын исэл ялгарч, газар тариалан, мал аж ахуй эрхлэх гэж ой мод огтолсноос нүүрстөрөгчийн давхар исэл агаарт ихээр ялгарсаар байна. ХАА нь бид бүхний үнэт эрдэнэ болсон усан хангамжийн гол хэрэглэгч болохын хажуугаар химийн бордоо, үерийн усаар дамжин гол нуур, эргийн экосистемийг бохирдуулсаар… Даян дэлхийн хүнсний хэрэгцээ өсөхийн хэрээр ХАА-ын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө улам бүр хурцдах нь тодорхой.
Дээр дурдсанчлан 2050 он гэхэд эх дэлхийд маань хоёр тэрбум хүн нэмж мэндлэнэ. Дэлхийн олон оронд цагаан, ногоон хоолтон болох хандлага нэмэгдсээр байгаа ч эдийн засаг сайжрахын хэрээр урьд хожид байгаагүйгээр хүн төрөлхтөн мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж буй.
Өнгөрсөн зууны дунд үеэс эдийн засаг нь сайжирсан Хятад, Энэтхэгт дээрх бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ эрс өссөнөөс шалтгаалан үхэр, гахай, тахианы үндсэн хүнс болсон эрдэнэ шиш, шар буурцгийг улам их тариалах хэрэгцээ гарч ирсэн. 2050 он гэхэд, зөвхөн Ази тивийн мах, далайн бүтээгдэхүүний хэрэглээ 78 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагаас 30 жилийн дараа Хятадын нэг хүнд ногдох амьтны гаралтай бүтээгдэхүүний эрэлт ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс гурав дахин өсөх магадлалтай гэх тооцоог гаргаад буй билээ.
ЭНЭ БҮХЭН ХЭР ИХ ХОР УРШИГТАЙ ГЭЖ?
Эрт дээр цаг үеэс л хүн төрөлхтөн хүнсний хэрэгцээгээ нэмэгдүүлэх зорилгоор тал газрыг хагалж, ой модоо огтолж ирсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар бид бараг Өмнөд Америкийн дайтай газар нутгийг зөвхөн үр тариа, хүнсний ногоо ургуулахын тулд “цэвэрлэжээ”. ХАА-н хурдацтай энэхүү хувьсал хүлэмжийн хийн ялгарлаас гадна цэвэр усны хомстол, биологийн олон төрөл зүйлийн мөхөл (ялангуяа шавж) гээд ар араасаа олон асуудал дагуулсаар.
Сүүлийн хагас зуун жилд бид хүнс тариалах илүү таатай орчин нөхцөл хайсаар Умард Америк, Бразилийн ширэнгэн ой, тропикийн бүс орчмыг хангалттай сүйдлэн хаяж. Ширэнгэн ойн экосистемийг ХАА-ын бүс нутаг болгох нь байгаль орчинд учруулж болох хамгийн хөнөөлт ажлын нэг. Гэвч бодит байдал дээрээ энэхүү үгүй болсон халуун бүсийн газар нутаг дэлхийн хүнсний хангамжинд гэхээс илүүтэй малын тэжээл болох шар буурцаг тариалах, дал модны тос гарган авахад л ашиглагдаж байгаа нь харамсалтай.
Дэлхий даяарх нийт цэнгэг усны 70 орчим хувь нь газар тариалан, мал аж ахуйн салбарт ашиглагддаг бөгөөд эрчимжсэн мал аж ахуйгаас гаралтай нэг кг үхрийн мах таны оройн зоог болохоосоо өмнө аль хэдийнэ 15 мянган литр ус хэрэглэсэн байдаг.
Бидний хэтийдсэн хэрэглээний өөр нэгэн хохирогч бол шавжнууд. Шавж бол ХАА-н хамгийн бага үнэлэгдсэн ажилчид юм. Зөгий, цох хорхой, шоргоолж, эрвээхэй зэрэг нь жимсний мод, хүнсний ногооны ургамал болон какао, кофе зэрэг бусад үр тариаг тоосжуулах ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
Тоогүй нь гэвэл, эдгээр ажилчид хүлэмжийн хий, экосистемийн доройтлын улмаас устах ирмэг дээр тулаад байна. Германд хийгдсэн судалгаагаар 1989-2016 оны хооронд нисдэг шавжны тоо 75 хувиар буурчээ. Нэгэн цагт АНУ-ын хаа саагүй тархсан байсан “bumble bee”-н тоо толгой хорьхон жилийн дотор 90 хувь болж багассан гэх сэтгэл сэрдхийлгэм тоо баримт энэ бүх сүйрлийн дөнгөж эхлэл ч байж магад.
“GOOGLE”-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
Мал аж ахуйгаас гаралтай хүлэмжийн хий хэр аюултай вэ?
Ферм дээр ашиглагдаж буй машин техник, бордоо цацах үйл явц, бүтээгдэхүүн тэээвэрлэлт гээд хүнсний үйлдвэрлэлийн систем нь жилдээ 17.3 тэрбум тонн хүлэмжийн хийг үүсгэдэг. Уур амьсгалын өөрчлөлтийг улам өдөөж буй энэхүү тоо нь АНУ-ын ялгаруулж байгаа хүлэмжийн хийнээс даруй хоёр дахин их юм.
Ялангуяа үхэр, гахай, хониноос гарах унгас, өтөг зэрэг нь хүлэмжийн хий төдийгүй метан ялгаруулдаг аюултай. Метан нь нүүрс төрөгчийн давхар ислээс 80 дахин их хор нөлөөг үзүүлж, жил бүр нэг сая хүнийг цаг бусын үхэл рүү түлхдэг бодис билээ. Түүнчлэн үхрийн мах хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдагаараа (100 гр үхрийн мах 50 кг хүлэмжийн хий) хүрээлэн буй орчинд тун ээлгүй хүнсээр тодорч байна.
Сонирхуулахад, өнгөрөгч онд дэлхийн эдийн засгийн 70 хувийг бүрдүүлэгч 105 улс 2030 он гэхэд метан хийн ялгарлыг 30 хувиар бууруулах амлалтад нэгдсэнийг та нартаа сануулъя. Тус хийн ялгарлыг хязгаарлах нь дэлхийн дулаарлыг 1.5 градуст барихад чухал нөлөөтэйг шинжээчид онцолж буй.
Баялгаа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?
Нөгөө талдаа Африк, Латин Америк зэрэг ХАА-ын хувьд бүтээмж муутай улсуудад анхаарч, дэвшилтэт технологийг органик аж ахуйн арга ухаантай хоршуулбаас дээрх бүс нутгуудаас хэд дахин илүү ургац хураах боломжтой.
Жишээлбэл, эрдэнэ шиш бол Африк тивийн хамгийн чухал үр тарианы нэг. Бага орлоготой өрхүүдийн хувьд дээрх хүнс нийт өрхийн зардлын 30-50 хувийг эзэлдэг. Гэтэл Африкийн хоёр дахь том эрдэнэ шиш тариалагч Нигерийн дундаж ургац нэг га тутамд 1.6 тн байгаа нь Америктай харьцуулахад ердөө зургааны нэгтэй нь тэнцэх хэмжээ юм. Mckinsey&Company-ийн тайланд дурдсанаар хэрэв Сахар орчмын Африкын бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрчимжвэл дэлхийн үр тарианы үйлдвэрлэл одоогийнхоос хоёроос гурав дахин нэмэгдэх боломжтой ажээ.
Хиймэл мах жинхэнэ махыг орлох уу?
Газар тариалан эрхлэхгүйгээр, жил бүр олон сая мал устгалгүйгээр мах идэх аргыг хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд идэвхтэй эрэлхийлж, амжилттай үр дүнг ч эхнээсээ үзүүлж байна. Лабораторийн орчинд ургуулсан махны зах зээл дээрх томоохон тоглогчдын нэг болох “Beyond Meat”-ийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд л гэхэд хагас тэрбум долларт хүрч, Pizza Hut, KFC, McDonalds, Subway зэрэг топ брэндүүд хиймэл махыг өөрсдийн бүтээгдэхүүндээ ашиглахаа зарлаад байгаа билээ.
Лабораторийн орчинд ургуулсан мах нь ургамлын гаралтай бүтээгдэхүүн бус харин амьтны эсээс шууд ургуулсан жинхэнэ мах гэдгээрээ онцлогтой. Энэхүү махыг бүтээх үйл явц нь шар айраг исгэх аргатай нэлээд төстэй бөгөөд мөөгөнцөр эсвэл бичил биетний оронд амьтны эсийг үржүүлдэг гэдгээрээ л ялгагдана.
Энэ салбар ердөө 10 орчим жилийн түүхтэй ч магадгүй 20 жилийн дараа гэхэд махны зах зээлийн тодорхой хэсгийг эсвэл бүхэлд нь лабораторийн орчинд ургуулсан махаар орлуулах боломжтой хэмээн үйлдвэрлэгчид нь тун өөдрөгөөр төсөөлж байгаа юм. Харин Kearney агентлаг 2040 он гэхэд махан хоолтон хүмүүсийн идэж буй махны 60 хувь нь лабораторийн орчинд ургуулсан аль эсвэл ургамлын гаралтай махаар солигдоно хэмээн таамаглажээ.