-Аян замын тэмдэглэл-
Ташкент хотын шинэ хөгжлийн дүүрэг дэх амгалан, гоёмсог цэцэрлэгт хүрээлэнгийн дундах бяцхан арал гэмээр, бас ганцхан гэж болом шар айргийн газрын задгай тавцан ширээнд өнөөдрийн хувьд, эндхийнхнээс хэл соёл огт ондоотой, дорно алсын хэдэн залуу намуухнаар хөгжилдөн сууцгаана. Тэд бол өчигдөрхөн Улаанбаатараас ирсэн сэтгүүлчид бөгөөд хамгийн оргил ачаалал үүрсэн гол өдрийнхөө ард дөнгөж гарчхаад, тэрүүхэн баруунтаа харагдаж буй “Холидэй инн” хэмээх даруухан буурчийн газарт албаны хувцсаа юүлж, чөлөөт маягаар төрхөө хувиргаад, урьд орой нь хэн нэгэн нь “нээсэн” энэхүү багавтар, зоогийн газарт олуулаа цугларсан байнам. Залуус өглөө гэхэд өөр хот руу одсон байх тул нийслэлд байх цаг хором бүр нь эзэн богд хааны, энэ нутагт найман зуун жилийн өмнө, дөрвөн зуун худалдаачнаараа илгээсэн алт мөнгөнөөс ч дутахгүй үнэтэй байв. Нэгэнт үдшийн бүрий ноёлж, удалгүй шөнийн харанхуй залгасан ч гадаа гял цал гэгээ гэрэлтэй, хорь илүү хэм дулаан, хүмүүсийн тайван хөгжилдөх чимээ аядуу айван орчныг мэдрүүлнэ.
Барууханд эндхийн усан оргилуур нь сонгодог болоод орчин үеийн хөгжмийн хэмнэлээр уран бүжиг дүрслэн намилзаж, хамгийн өндөр цойлоон нь тав таван минутын давтамжтайгаар тэнгэр өөд тэмүүлэн олгойдох нь өмнөхөн талдаа сүндэрлэх “Hilton” сүлжээ зочид буудлын цогцолбор лугаа нуруу чац булаалдан байх мэт соньхон. Ташкент хотын усан бүжгийн хүрээлэнгийн энэ үзүүлбэр шөнө дүл хүртэл үл тасалдан, амран тухлах хүмүүс нь цөөн буурай байсан ч үзэх, сонордохын гайхамшгийг мэдрүүлсээр л байдаг…
Узбекистан улс исламын шашинтай орон. Лал шүтлэгтнүүд умд дарс барагтай бол хэрэглэхгүй. Тиймээс монголынх шиг хаа сайгүй тааралдах баар сав, цай хоолны газар, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэг ховорхон мэт. Орой тэднийхээр 22 цагт энэ газар хаалгаа барьчихдаг байна. Сэтгүүлч бид энд цуглахын өмнө, хажуу зүүхэнтээ байгаа “Tashkent city mall” олны хөлийн газраар орж нүд хужирлаж амжсан юм. Улаанбаатарын төв талбайн урдтаах “Шангрила молл”-той тун төстэй тус худалдааны цогцолборт голдуу бэлэн чамин хувцас, Азид нэртэй сор /brend гэдэг харь үгнээс тойрохыг хичээв.Б.Э/ үйлдвэрлэгчдийн бүтээн гаргасан шинэ цагийн өнгө загварлаг хийц бүтээцүүдийг дэлгэн харуулж, худалдан борлуулж байдаг ажээ. Их төлөв Бангладеш, дараа нь Турк, хааяа Камбож улсад үйлдвэрлэсэн хувцас гоёл энэ цогцолборт элбэг юм. Өнө эртний алдарт “Торгоны зам”, эдүгээ цагийн бол Дундад Ази, Зүүн Европын залгаа нутгийн хөгжил бадрал, хөрөнгө оруулалт, эдийн засаг, худалдааны сүлжээ зангилаа, өөрчлөлт хөгжлийн төрх төлөвийг Ташкент хотын хувьд энэ орчин үеийн худалдааны шинэхэн төв голлох байр суурьтайгаар тодорхойлж буй биз ээ.
Төрийн айлчлалын нарийн хуваарьт хөтөлбөрийг ягшуулж, цаг мөчтэй уралдан авхаалж, мэдрэмж, арга туршлагынхаа хүчээр тэрхүү үүргээ яв цав биелүүлсэн сэтгүүлч залуусынхаа хариуцлагатай ажлын зав чөлөөгүй өнгөрүүлсэн орон зайг өөрийн үзэж харсан хэдэн зүйлээр нөхөж цөлбөхийг оролдсон үүнээ тийнхүү албан бус өнцгөөс нь, тийм чөлөөт орчны цэгээс эхлүүлэхээр бодсон юм.
Төрийн тэргүүнийхээ айлчлалыг дагалдан албаны чухал үүрэг гүйцэтгэж буй эдгээр үзэг үйлс нэгтэй сэтгүүлч залуус энд байх үнэтэй хором хугацал, бага ч гэсэн амрах цагаа үл харамлан, энэхэн зуур түр сууцгааж, ганц нэг цом шар айраг шимж, завсар чөлөөгүй нөөлөгтөн төөнөх өдрийн пүнхийм халуун, төрийн чухал албан үүргийн алжаал юугаа үргээж буй хэрэг. Чухам эндээс сэтгүүлчид бага ч гэсэн албаны бус агаар мэдэрч, өвөр бусдад сонин байж болох мэдээлэл, сонин хачин олж сонордож, нэг нэгэндээ түүнээ хуваалцаж, ойлголтоо огтлолцуулах, бичих, үзүүлэх зүйлийнхээ өнцөг булан, өнгө аясыг харьцуулах, дүр зургийнх нь тоймыг багцаалддаг нь мэдээж.
Саваагүй мэт мөртөл сонин байж болмоор ганц жишээ татахад, айлчлалын цуваанд гучаад машин хөврөх агаад бидний очсон газар бүрийн гудамж замын хоёр талаар, нэг шон алгасаад л хоёр орны төрийн далбаа хатгасан байх хийгээд манай нэг “урт чихтэй” сэтгүүлчийн олж сонссоноор тэдгээр монгол төрийн далбааг гэхэд л энэ айлчлалд зориулан нэг түмэн хувь хэвлэсэн гэсэн мэдээ чих шүргэж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаад БНУзУ-д анх удаа, ерөнхийлөгчийнх нь урилгаар гэргийнхээ хамт төрийн айлчлал хийсэн. Эл айлчлалд хүлээн авагч улс ихээхэн анхаарал хандуулж, санаа чилээж (”Ач холбогдол өгөх” гэдэг мохоо, модон хэллэгээс хэргээр зайлсхийв. Б.Э) чамбай гэгч бэлдсэн нь мэдрэгдэж байлаа. Айлчлал цаг хугацааны хувьд Орос, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүдийн дараахан тохиосон. Узбек улс шил шилээ дарсан эдгээр том айлчлалд барьц алдсангүй. Бүх ард түмнээ болоод гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх цор ганц субьект буюу Монгол төрийн тэргүүнийг Ташкент хотын олон улсын нисэх онгоцны буудалд ерөнхий сайд нь биечлэн угтаж, ерөнхийлөгч Шавкат Мирзиёев “Хөхсарай” цогцолбор дахь Ерөнхийлөгчийн ордондоо гүн хүндэтгэлтэйгээр угтан авч, ажил хэргээ илэн далангүй ярилцсан. Айлчлалын зарим үйл явдалд сэтгүүлчдийн багийг бүрэн оруулах ёс жаяггүй, зөвхөн зураглаачийг оруулдгаас ийн хэлэв. Олон салбарт хамтран ажиллаж, бие биедээ хөгжил дэвшлийг, хүнлэг ёс, хүндэтгэлтэй хандах соёлыг нэвтрүүлэхээр, хоёр улс хоёулаа ижил тэгш ашиг хүртэх нийтлэг зарчмыг мөрдлөг болгохоор тохирч байнам.
Тусгай үүргийн онгоц тэнгэрийн орны уудам цэнхэрлэгт цойлон ороод хорин минут болсон уу үгүй юү, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зорчигчдын танхимд орж ирээд, хүн бүхэнтэй энгүүхэн гар барин, хамт айлчлахаар аянд гарч алсыг зорьж буйд баяр хүргэсэн юм. Эдийн засгаа тэлэхээр улсынхаа нэр нүүр болсон татвар төлөгчдийг, олны танил бизнесменүүдээ дагуулахын сацуу басхүү жижиг, дунд үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг ч эн тэгш мэдэрч, урьж залсан байлаа. Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч эзэн Чингис хаантан маань Сартуул улсыг дайлаар мордохдоо дөрвөн хүүгээ, хүлэг баатруудаа дагуулж аянд гарсан байдаг. Эзэн хааны морьт цэргүүд хүн тус бүр, унаж буйгаасаа гадна гурван морь нөөцөлж, хөтөлж явдаг байжээ.
Тэгвэл энэ удаад ч монгол төрийн тэргүүн Дундад Азид анхлан айлчлах зорилгоо тэгш, төгс гүйцэлдүүлэх үүднээс гурван шадар хүлгээ дагуулсан гэж болох юм. Юуны урьд, улс орны оюун эрдмийн салбарын оргил болсон ШУА-аа төлөөлүүлж академич тэргүүнийг нь, сод богд эзэн Чингис хааныхаа өв соёл, үүх түүхийг удам гарваль нэгт узбекийн ард түмэнд шинэ цагийн үүднээс таниулан хамтрахаар “Чингис хаан” үндэсний музейнхээ түүхч академич захирлыг эрдмийн шадар болгон авч явжээ. Хэвлэл мэдээлэл бол хүчтэй зэвсэг, бүр бие даасан засаглал. Түүний дунд, төр улсын болоод түүний тэргүүний ажил үйлс нь баталгаатай, найдвартай, хурдан шуурхай мэдээлэлгүй бол дотоод гадаадад хаана ч, хэнд ч хүрэхгүй, нүдгүй чихгүйтэй адил болно. Тиймээс бүтэн зуун илүү жилийн баялаг туршлагатай, дэлхий даяны гол таван хэл, дээр нь үндэсний босоо бичгээрээ байнгын мэдээлэл түгээдэг, мэдээллийн МОНЦАМЭ агентлагаа, тэргүүнтэй нь залан дагуулвай. “Сэтгэлийг нь хурааж чадвал бие нь хаа одох” гэсэн их хаантны айлдвар зарчим буй. Аливаа хэлийн, зүсэн зүйлийн хүмүүний зүрх сэтгэлийг дагуулдаг, эрхгүй татагдан ээнэгшдэг онцгой монгол зэвсэг бол морин эрдэнийн хуур маань билээ. Ган болд илдний хатууг ч уясган хайлуулах увдист, нүүдэлчин соёлын гүн ухааны үггүй эгшиг, дуучингүй дуурьсал дуун болсон морин хуурынхаа хэлмэрээр монголоо сурталчлах зөөлөн хүчний бодлогоо биежүүлэхээр тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “Морин хуурын найрал хөгжим”-ийн ур авьяастан залуусыг тусгай үүргийн онгоцондоо дүүртэл суулгаад ерөнхийлөгч маань өнө эртний Сартуул улсыг зорьжээ.
Бидний улсын хөгжиж өнгөрөөсөн төрх төлөв төстэй, хүрсэн түвшин нэг юм. Манай хоёр орны хөгжих хөлжих гэсэн чин эрмэлзэл нь адилхан юм. Далайд гарцгүйн учир тээврийн өртөг зардал арвинаараа төстэй байна. Ярих хэлэлцэх хэл ус нь хүртэл ойр дөт юм. Агаарын орон зайг хэн хэндээ ашигтай болгож шууд нислэг нээж чадвал ерийн иргэд нь ч харилцан нэгэндээ хөл тавих хил хязгаар ч улмаа дөт төсөр болно.
Цагийн ялимгүй зөрөө, цаг агаарын халуун хүйтний ялгаа бол асуудал үүсгэх саар хүчин зүйл бус байх. Узбек бол жимс жимсгэнийн эх орон бүлгээ. Халуун дулаан орон учраас тэр. Зөвхөн амтат жимснийх нь сайхныг санахад арааны шүлс асгардаг байж болно, түүнийг хүртэхээр, авчрахаар аялдаг, нисдэг ч болж болно оо. Мах их хэрэглэдэг монголчууд эрүүл мэндээ хамгаалахын тулд жимсний салбарт хөрөнгө оруулж, бизнес эрхэлж, төрөл бүрийн чанамал, хатаамал, савламлыг харилцан ашигтай нөхцөлөөр худалдаж, худалдан авч болно. Энэ чиглэлээр тус салбарынхан судалж үзсэн, очиж үзсэн, гэрээ хэлцэл байгуулсан гэдэгт итгэнэ. Бичиж буй энэ хэсэг хэдийнэ биеллээ олов уу гэлтэй, буцах аяллын үед, онгоцны бүхээгт түгээх өдрийн зоогийг дагалдуулсан бяцхан шилтэй жимсний чанамал нь, талх амтлах зөөхий нь Узбекийн хаяг шошготой байсан юм. Энд би зөвхөн жимсээр жишээ болгож байгаа болохоос бус, машин техник, хүнс хөдөө аж ахуй, цахим худалдаа, эрүүл мэнд гэх мэт олон салбарт хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах үүд хаалга нэгэнт нээгдлээ.
Манай хоёр оронд шашин шүтлэгийн зөрөө буй. Тэдний хүн амын наян есөн хувь нь исламын шашны суннит урсгалыг шүтдэг байна. Монголчууд бидэнд шагжамунийн ном шүн дуудуулах, лам залах ёс төдий хэмжээний өргөн дэлгэр. Сэтгэл нэг, хүмүүний ёсон адил байхад шүтлэгийн зөрүү юунд ч саад үл болму. Суут богд эзэн хааны маань тэдэнд, ерөөс дэлхий даянд томьёолж өгсөн эл шүтэх, эс шүтэх ёсны эрх чөлөөг узбек нөхөд сайн мэдэж байгаа. Мэддэг ч болоод тийм билиг ухаант хааны үр садыг өнөө хэр хүндэтгэсээр байдаг буй заа.
Узбекистан улсын ард иргэдийн наян хувь нь зуун илүү жилийн түүхт, алдарт “Женерал моторс”-ын голлох нэрийн загвар “Шевроле” маркийн автомашин унадаг юм байна. Гудамжаар нь дан энэ төрлийн машин, гэхдээ өнгө үзэмж тун сайтай машинууд зөрөлдөж байх юм. Ийм сайн хүлгээ тэд өөрсдөө угсарч, өөрийнхөө хийц бүтээцээр унаажиж хөлждөг, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг ажээ. Мэдээж, “Шевроле” загварын шилдэг машинуудыг манайхан оруулж ирэх, унаж эдлэх боломж гарч байна аа гэсэн үг. Төлдөрхөн, төрийн тэргүүний айлчлалын үед болсон хоёр орны хөрөнгө оруулагчдын чуулганд нийт 300 орчим компани оролцсоны 40 орчим нь монголынх, бусад нь тэднийх байсан билээ.
Манай мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ч тэдгээр өргөн хүрээтэй хамтын ажиллагааг эхлүүлэгчдийн нэг түүчээ болж түүхээ зузааллаа. 1918 онд байгуулагдсан, МОНЦАМЭ-гээс гуравхан насаар ах буюу ойролцоо түүх намтартай, Узбекийн УзА хэмээх үндэсний мэдээллийн агентлагтай хамтран ажиллахаар зууны түүхэндээ анх удаа гэрээ байгуулж, хоёр орны төрийн тэргүүн нарын өмнө хоёр агентлагийн дарга гэрээнд гарын үсэг зурах түүхэн ёслолын гэрч нь сэтгүүлч миний бие болж, гэрэл зургийн хальснаа буулгаж зогсов.
Бүгд Найрамдах Узбекистан улсын Олий Мажлис хэмээх сенатын ордон
Узбекистан улсын “Хөхсарай” цогцолбор дахь Төрийн ордонд болсон хоёр орны удирдагчдын уулзалт, хэлэлцээ, гарын үсэг зурах ёслолын үеэр тус ордонд тусгайлан бэлтгэсэн “Хэвлэлийн төв”-д хэдэн хором сууж, сэтгүүлчдийн баг үүрэгт ажлаа гүйцэтгэх боломж гарсан бөгөөд мөн үеэр МОНЦАМЭ агентлагийнхаа цахим хуудсыг ажил үүрэг нэгт зарим узбек нөхдөд нээж харуулсан хийгээд агентлаг маань нийтлэг дөрвөн хэлээр, дээрх түүхэн үйл явдлын мэдээ, мэдээллийг тэр дор нь шуурхай уламжлан дамжуулж байсныг харахдаа өнө удаан жилийн туршлагатай, ажилч хичээнгүй, дадмаг хамт олноороо эрхүй бахархаж байснаа нуух юун.
Сая тугаар манай улс элчин сайдын яамаа Узбекистанд нээсэн лүгээ адил тэдний дипломат төлөөлөгчийн албан өргөөг Улаанбаатарт нээвэл узбек нөхөд улсад маань амар жимэр орж гарах орон ахуйтай, монгол нутагт харж халамжлах эзэнтэй болно гэсэн үг. Тэр цагт ирж буцах найман мянган бээрийн орой зай хол бус болно. Тэр цагт, тэнгэрлэг богд эзэн хааны маань найман зууны тэртээ хүлэг мориор хэдэн сар аялж туулсан Тэнгэр уулын өндөр, өндөр бус санагдаж болох. Сахал үсээ цантуулж, үстэй дээлээ давхарлан давж байсан тэсгэм уур амьсгал нь ч номхон, зөөлөн болно гэж төсөөлөгдөх бүлгээ.
Бидний түүх үүх, угсаа гарваль адилхан юм. Төрийн дээд түвшний яриа хэлэлцээ элэгсэг дотно, илэн далангүй байдалд болж, зарим талаар албан ёсны хөтөлбөрийнхөө жаяг дэгээс бага сага хальж байх нь хүндэтгэл, ойлголцлын нарийн нандин мэдрэмж биежиж илэрсэн хийгээд төрийн тэргүүн нарын хувь хүмүүний зан төрх, сэтгэлийн байдлын давтагдашгүй онцлогтой ч холбоотой болох нь илэрхий.
Анхны ерөнхийлөгч Ислам Каримовын нэрэмжит, Ташкент хотын олон улсын нисэх онгоцны буудал
Зургаадугаар сарын хорин дөрвөний өдөр албан ёсны гол хөтөлбөрөө биелүүлсэн төрийн тэргүүн дараа өдрийн нь өглөө ажлын хэсэг болоод сэтгүүлчдийн багаа авч, бизнесийн салбарынхан, мөн “Морин хуурын найрал хөгжим”-өө нийслэлд үлдээгээд өнө эртний түүхт Ургенч хотыг зорин Ташкент хотын Ислам Каримовын нэрэмжит, олон улсын нисэх онгоцны буудлаас Узбекистан улсын ерөнхийлөгчийн хөлөглөдөг “Бойнг 767-300” онцгой үүргийн онгоцоор өрнө зүг нислээ. Цаг орчим яваад онгоц газардав. Очсон газар 2500 жилийн түүхтэй өнө удаан жилийн түүх соёлын өлгий, Торгоны замын гол зангилаа Ургенч хот.
Узбекистан улсын Ерөнхийлөгчийн хөлөглөдөг онгоц
Памирын уулсаас эх ундаргатай Амударья түүхт их мөрний хоёр эргийг дамнан байгуулсан тус хот Чингис хааны үед Хорезмын султаны эх Турхин хатны эзэмшилд байгаад 1220 онд Зүчи, Цагаадайн тэргүүлсэн монгол цэргийн довтолгоонд өртөн эзлэгдэж, улмаар Цагаадайн улсын бүрэлдэхүүнд орж өгсөн байдаг. Түүх сударт бичсэнээр, Ургенч хотыг эзлэхийн төлөө монгол цэрэг хагас жил илүүтэй тэмцэлдэж, их хааны зарлигаар Өгөдэйн армийг нэмэлт хүчээр илгээж байж сая эрхэндээ оруулсан хийгээд Турхин хатан нийслэл хотоо хаян зугатсан, түүнийг дараа нь амьдаар нь олзолсон зэрэг явдлууд өрнөсөн байдаг.
Өнөөдрийн Ургенч хот, түүхт Амударья мөрөн, онгоцноос
Ургенч хотод Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслол, түүний хөлөглөсөн унаа
Дундад зууны түүхэн дурсгалт Нуруллабой цогцолбор
ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын өв Ичан-Кала цогцолбор
Ургенч хотод угтах ёслолтой залгаад айлчлалын цуваа баруунш нэлээд довтолгож, эхлээд “Нуруллабой” цогцолбор, дараа нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын дурсгалт газар “Ичан-Кала” түүхэн цогцолбороор тус тус зочлуулснаар айлчлалын хөтөлбөр өндөрлөсөн билээ.
Морин дээрээс ертөнцийг дагуулах нэгэн хэрэг, мориноосоо буугаад төрийг засаж, ард олноо хөл хөсөр гар газар амаржуулах үйлс ухаан бүр ч ангид нарийн болохыг амин насныхаа бодит түүхээр гэрчлэн үлдээсэн агуу сод Чингис хааныхаа өрнө тийш бэрхийг туулсан олон олон ус голыг өөрийн нүдээр дээжлэн харж, ус рашаанаас нь амсан хүртэж, морин туурайгаар онгилсон түүхт нутгийн элчилгүй уудам тал, зах хязгааргүй элсэн халуун цөл, мөнх цасан тэргүүнт, атираат мянган уулсынх нь хас цасан хээт оргилыг онгоцны цонхоор утсандаа амжин буулгах гэж хичээж, дугхийж амсхийх ч завдалгүй шахам довтолгож туулан, сонирхон хараачилсаар явтал эх орондоо хөл тавих цаг дөхсөн байлаа.
Ай даа, ийм хатуу зам туулж, амарч баясах бус аян дайн хийж, дайны тугаа ялалтаар мялааж, эсэн мэнд эгэж ирсэн их хаантны явдал мөр, монгол морин цэргийн түүх бодит биш юм шиг, домог лугаа адил, төсөөлшгүй санагдаж байна. Билгүүн төдийгүй бие нь ч, хүлэг морьд нь ч үлгэрийн ертөнцийн бүтээмэл дүрүүд шиг, ёстой л жинхэнэ баатрууд байснаас энэ үнэн түүхийг бүтээж чадаж дээ…
Монгол Улсын төрийн тэргүүний заларсан өргөө. Ургенч хот
Ийн хүйлэн огторгуйн элчилгүй уудамд үе үехэн тоо томшгүй туналзан хөвсийх бүлэг тунсаг үүлэн элчис нь панс торгоны хээ урланхан, зогсоо мэт намуухан, жигдхэн хүнгэнэн, хөхрөгч тэнгэрээ эвхэх хөлгийн бүхээгт алс бодлын зүүрмэгт эзлэгдэн, түмэн бээрийн өндрөөс монгол нутагтаа хөл тавихын хүлээлт юунд яаран жаргах бүлгээ.
Эцэг хаанаар нь титэмлэсэн тал нутгийн нислэгийн буудлаас нар зөв явгалан гурван хоногийн өмнө хөөрсөн, отгон хүүгийн нь нэрт “Толуй хаан” агаарын сувдан хөлөг дэл хөхлөө намируулсан аранзал хөх морин эрдэнийн дүрст даль жигүүр юүгээн дэвсээр Хан дүнжингарав уулын өврөөр зугуухан эргэж, Салхит уулын оройгоор даялж, Хөшигийн цэлгэр хөндийд алгуурхнаа явгалан хөрст нутагтаа хөл гишгэхүй эх нутгийн маань зуны ид дунд сайхан цагийн агь өвсний ариун дотно анхил цээж уужлан сэнхийлээ.
УБ-ТАШКЕНТ-УРГЕНЧ-УБ. 2024. 06. 27
ЭХ СУРВАЛЖ: Montsame.mn