
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Агро Хүслэн” ХХК-ийн “SHIMKO” Premium Brand – Шимийн коктейлийн үйлдвэрт ажиллалаа.
“SHIMKO” брэнд нь уламжлалт идээний дээд шимийн архийг, байгалийн гаралтай, өндөр чанарын жимсний охьтой хослуулан орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилан бүтээсэн анхны тансаг хэрэглээний шимийн коктейль юм. Ингэхдээ түүхий эд буюу шимийн архийг малчдаас авч, байгалийн амин хүчил, фермент, эрдэс бодис зэрэг бичил элементүүдийг агуулсан тансаг амттай бөгөөд эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Японы сакэ, Солонгосын сөжү гэдэгчлэн Монгол Шимко буюу шимийн коктейль уламжлалыг орчин үетэй хослуулан, өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц хэв маягаар дотоодын шингэн хүнсний зах зээлд нэвтэрч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргаж, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилго бүхий “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл тус хөдөлгөөний зорилгод нийцүүлэн импортыг орлох бүтээгдэхүүнээр үндэсний хэв маягийг олон улсад таниулахаар ажиллаж байгаа юм.

Малчдын хөдөлмөрийг дэмжин түүхий эдээ хангаж байгаа нь байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой эерэг нөлөөллүүдийг бий болгож байна.
Уламжлал ба орчин үеийн технологийг хослуулсан энэхүү бүтээгдэхүүн нь монгол соёлыг дэлхийн зэх зээлд таниулах бүрэн чадамжтай юм.




