
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Номгон Сангийн Далай” төрийн бус байгууллага Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй Байгаль орчин, ESG болон Карбоны мониторингийн нэгдсэн лаборатори төслөө олон улсын төлөөлөгчдөд танилцуулжээ.
Тус нэгдсэн лаборатори байгуулагдсанаар хөрс, ус, агаар, ургамал, биологийн олон янз байдал, нөхөн сэргээлт, ESG үнэлгээ болон карбоны мониторингийн чиглэлээр шинжилгээ, судалгааг орон нутагт хийх боломж бүрдэх юм. Үүний үр дүнд уул уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, тогтвортой хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит мэдээлэл, хэмжилт судалгаанд тулгуурлан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг төслийн зүгээс онцолж байна.
Түүнчлэн лабораторийн үйл ажиллагааг Gobi Carbon Hub дижитал платформтой уялдуулан хөгжүүлж, GIS, дрон болон хиймэл дагуулын технологид суурилсан мониторинг, QR кодоор талбайн бүртгэл хийх систем, олон улсын хяналт-шинжилгээ, тайлагнал, баталгаажуулалтын аргачлалыг нэгтгэхээр ажиллаж байна. Энэхүү нэгдсэн тогтолцоо нь байгаль орчны өөрчлөлт, экосистемийн төлөв байдал, нөхөн сэргээлтийн үр дүн болон нүүрстөрөгчийн шингээлт, ялгарлын мэдээллийг нэг дор бүрдүүлж, өгөгдөлд суурилсан байгаль орчны менежмент, нүүрстөрөгчийн зах зээл болон тогтвортой хөгжлийн шийдлийг дэмжих орчин үеийн мониторингийн экосистем бүрдүүлэх зорилготой.
Өмнөговь аймаг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг говийн бүсийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухаан, технологид түшиглэсэн мониторингийн тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд тус төсөл нь орон нутгийн түвшинд энэ чиглэлийн дэд бүтцийг бий болгоход чиглэж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
