
Увс аймгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлд гарах боломжийг өргөжүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 23, 24-нд Улаангом суманд боллоо.
Үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ-аас ХХААГ, ХХҮГ болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Үзэсгэлэнд орон нутгийн аж ахуйн нэгж, хоршоо, иргэд ноос, ноолуур, арьс шир, сүү, цагаан идээ, мах, гурил, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мод зэрэг түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж худалдсан байна. Мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс, оёмол эдлэлүүдийг танилцуулжээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдаагаар сүү, сүүн бүтээгдэхүүн хамгийн их борлуулалттай байв. Үнийн хувьд нэг кг ааруул 35 мянга, айргийн шар тос 30 мянга, хэвийн ааруул 30-35 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
Үзэсгэлэн худалдааны үеэр шилдэг оролцогчдыг шалгаруулж, “Шилдэг оролцоотой сум”-аар Зүүнхангай сум, “Шилдгийн шилдэг үйлдвэрлэгч”-ээр “Тост хурс” хоршоо, “Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн”-ээр “Сансар жим” хоршоог тус тус өргөмжилжээ.
Мөн “Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Хяргас сумын Б.Оюун, “Шилдэг төмс, хүнсний ногоо тариалагч”-аар Улаангом сумын Ж.Дэнсмаа, “Шилдэг хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Улаангом сумын Ц.Гансүх нар шалгарсан байна.




Эх сурвалж: Монцамэ агентлаг
