
Ховд аймгийн газар тариалангийн салбарт 3200 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ онд 2800 гаруй га талбайд тариалалт хийжээ.
Аравдугаар сарын 28-нд ургац хураалтын ажлыг бүрэн дуусгалаа.
Тариаланчид энэ жил 2840.6 га талбайгаас 34.5 мянган тонн ургац хураан авчээ. Үүний дотор үр тариа 215.4 тонн, төмс 7445.2 тонн, хүнсний ногоо хамгийн их буюу 21520.7 тонн байна. Мөн малын тэжээлийн ургамал 5253.2 тонн, жимс жимсгэнэ 97.1 тонныг тус тус хураан авч, зах зээлд нийлүүлжээ.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт усалгаатай газар тариаланг нэмэгдүүлж, тариалангийн талбайн хэмжээг 10 мянган га-д хүргэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд орон нутагт усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэхэд онцгойлон анхаарч байна.
Энэ жилийн хувьд Ховд аймагт хоёр томоохон аж ахуйн нэгж эрдэнэ шиш, малын тэжээлийн ургамал тариалж ургацаа хураажээ.
Үүнээс онцлоход, “Арвижих фарм” ХХК нь Ховд сумын нутагт, Ховд голоос ус татан цөөрөм байгуулж 400-500 га талбайд дуслын усалгааны системийг нэвтрүүлсэн ба тэжээлийн зориулалтаар эрдэнэ шиш тариалжээ.
Мөн “Агро альфа” ХХК нь Алтай суманд 300 га талбайд дуслын усалгааны систем нэвтрүүлжээ. Энэ жилийн хувьд тус компани нь хоёр га талбайд сармис, 100 га талбайд тэжээлийн эрдэнэ шиш, бусад төрлийн хүнсний ногоо, тэжээлийн ургамал, буудай тариалж, намрын ургац хураалтаар 10 тонн сармис хурааж авснаас гадна 600 тонн эрдэнэ шишийн тэжээл бэлтгэх зорилготойгоор ажиллаж байна.
Цаашид аймгийн усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх ба малчдын оролцоотойгоор тэжээлийн ургамал тариалах нөхцөл боломжийг бий болгох, эрчимжсэн, хагас суурин мал аж ахуйг хөгжүүлэх бодлого чиглэлээ тодорхойлон ажиллаж байгаа гэдгийг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
