
Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр болж, “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг баталлаа.
Тус хөтөлбөр нь хүүхдүүдийг эрүүл, аюулгүй, шим тэжээлээр баялаг малын сүүгээр тогтмол, хүртээмжтэй хангах, кальци, Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх, ясны өсөлт, бэхжилтийг дэмжих, эрүүл мэнд, дархлааг сайжруулах зорилготой.
Хөтөлбөрт төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн 9524 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 31436 суралцагч, политехник коллежийн 10-12 дугаар ангийн 458 суралцагч нийт 41418 хүүхэд, суралцагчийг хамруулахаар төлөвлөжээ.
Хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж, шүдний өвчлөл буурах, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэх, хүүхдүүдэд сүүг тогтмол хэрэглэх зөв дадал, хэвшил төлөвших үр дүн хүлээж байна.
Мөн сүү, цагаан идээний ач тусыг хүүхдүүдэд таниулах, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид, малчдын хөдөлмөрийг ойлгуулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэхэд чиглэжээ.
Түүнчлэн хуралдаанаар “Бүтээлч-Төрийн албан хаагчийг дэмжих хөтөлбөр” батлах, Цагаан-Уул сумын үл хөдлөх дурсгалыг сумын хамгаалалтад авах, хөрөнгө шилжүүлэх, актлах, худалдах, дахин үнэ шинэчлэн тогтоох, аймгийн багийн оноосон нэр тогтоох, 2026 оны төсөвт тодотгол хийх, шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
