Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Орхон аймгийн баялаг бүтээгч “Эрдэнэт мах маркет” компанийн хамт олон нэгдлээ.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын холбогдох албаны хүмүүс “Эрдэнэт мах маркет” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Эрдэнэт мах маркет” компани нь 2002 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монгол улсын ууган махны үйлдвэрүүдийн нэг юм.
Тус хамт олон мах бэлтгэн нийлүүлэгч иргэд, хоршоод болон малчидтай хамтран ажиллаж, эрүүл бүс нутгаас хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг бэлтгэж, зах зээлд нийлүүлж орон нутагтаа мах экспортлох “ААА” зэрэглэлийн итгэмжлэл бүхий анхны үйлдвэр болсон.
Мөн байгуулагдсан цагаасаа хойш ОХУ-ын Хөдөө аж ахуйн хорио цээрийн газрын магадлан итгэмжлэлд тэнцэн мах болон дайвар бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны орнууд болох ОХУ, Армени, Казахстан, Беларусь, Киргиз, булангийн орнуудад экспортлох эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Хүн амыг эрүүл, гарал үүсэл тодорхой, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгын хүрээнд үйл ажиллагаандаа 2017 онд эгзэгтэй цэгийн хяналтын НАССР тогтолцоо, HALAL стандарт нэвтрүүлж, 2020 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж, 2 удаагийн магадлан аудитаар баталгаажсан үйлдвэр гэдгээрээ онцлог юм.
Мөн уулзалтаар УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын бодлого, хөтөлбөр, шийдвэрүүдтэй хэрхэн орон нутгийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг уялдуулж хамтран ажиллах талаар санал солилцлоо.