Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр /2022.11.04/ Өлгий хотод боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн А.Алдаберген, Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Х.Муратай, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал болон аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар, Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, төрийн бус байгууллага, холбоо, хоршоод төлөөлөгч нар гээд нийт 200 хүн оролцлоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтэд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа. Мөн үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.
Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймагт 2022-2027 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Тус төлөвлөгөөнд нийт 34 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан ба 11 нь удирдлага зохион байгуулалтын чиглэлээр, 7 нь газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарын, 8 нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн, 8 нь хүнсний үйлдвэрлэлийн салбарын чиглэлээр хэрэгжинэ гэдгийг тэрээр онцлов.
Эдгээр ажлуудыг хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй дэд хөтөлбөр, төслүүдтэй уялдуулан боловсруулсан тул удахгүй аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, улмаар аймгийн ИТХ-ын хуралдаанаар оруулан батлуулах аж.
Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, оролцогчдын саналыг авлаа.
Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Баян-Өлгий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгууллаа.