Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа 21 аймагт зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр /2022.11.11/ Дорноговь аймгийн Сайншанд хотод “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүллээ.
Тус зөвлөгөөнд
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр,
- Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал,
- Зээлийн батлан даалтын сангийн Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Батзогсох,
- Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцож байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нээж Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг танилцуулж, Аймгийн Засаг дарга О.Батжаргалд гардуулан өглөө.
Ажлын хэсгээс Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 14 сумын Засаг дарга болон аж ахуй нэгжийн төлөөлөл, 65 багийн малчид, тариаланчид, иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Тус үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газар, Дорноговь аймгийн ИТХ-тай хамтран зохион байгуулж байна.