Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан улс эх орныхоо хүнсний манаанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрчдийг төрийн дээд одон медалиар шагналаа. Төрийн дээд одон медалиар шагнагдсан нэр бүхий хүмүүст шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар гардуулан өглөө.
“АЛТАНГАДАС” ОДОНГООР:
- АПУ ХК-ийн пивоны химич Цэвэгжавийн Алтангадас,
- АПУ ХК-ийн савлалтын үйлдвэрийн дарга Тагирваагийн Түмэнжаргал,
- АПУ ХК-ийн ханд бэлтгэх оператор Жавзанпагмын Өлзиймаам
“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” ОДОНГООР:
- АПУ ХК-ийн пивоны химич Бямбадоржийн Болортуяа,
- АПУ ХК-ийн ахлах технологич Аазай овогтой Мөнхгэрэл,
- АПУ ХК-ийн чанарын баталгаажуулалт хариуцсан менежер Дашзэгвэ овогтой Чимгээ,
- АПУ ХК-ийн чанах цехийн мастер Лхагвасүрэнгийн Эрдэнэчимэг,
- АПУ ХК-ийн спиртын үйлдвэрийн чанар лабораторийн менежер Сагарын Баярмаа нар шагнагдаж энгэрээ мялайлаа.
Апу компани нь Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн түүхийг анх бичилцэж, өнгөрсөн 99 жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон олсон ололт, гаргасан амжилтаараа ямагт тэргүүлж ирсэн үндэсний томоохон баялаг бүтээгч, ажил олгогч юм. 2000 гаруй ажилтан албан хаагчтай тус компани Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”-д манлайлан оролцож, импортыг бууруулж дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортыг нэмэгдүүлэх их үйлст хичээнгүйлэн зүтгэж буй хамт олон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч төр засаг улс орныхоо хүнсний манаанд бие сэтгэл, ур чадвар, хөдөлмөр бүтээлээ зориулж буй хөдөлмөрчдийг өндрөөр үнэлж, урамшуулж байгаа нь Хүнсний салбарын баялаг бүтээгчдэд урам зоригийн хөшүүрэг боллоо.
АПУ компанийн нийт хамт олонд болон төрийн дээд одон медалиар шагнагдсан ажилчдад халуун баяр хүргэж, айлчлан ирж буй шинэ ондоо амжилтын буухиагаа үргэлжлүүлж, аяны богц арвин байхыг хүсэн ерөөе!