“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах боломжуудыг үйлдвэрлэл эрхлэгч нарт танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Уг уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран зохион байгуулав.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж аюулгүй, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 36 дугаар тогтоолыг УИХ батлагдсан. Таван зорилт, 114 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү ажлын 40 орчмыг нь Жижиг, дунд үйлдвэрийн газар зохион байгуулна. Тус газар сангаараа дамжуулаад гурван хувийн хүүтэй зээл олгодог. Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 5-6 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Энэхүү зээлээс даруй хоёр дахин бага хүүтэй гурван хувийн хүүтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрийн газар 12 жилийн хугацаанд олгож ирсэн. Энэ хугацаанд нийт нэг их наяд гаруй төгрөгийн зээлийг олгоод байна. Таван их наяд орчим төгрөгийн хүсэлт ирж байсан. Үндэсний хөдөлгөөний хүрээнд мал аж ахуй, газар тариалан хөдөөгийн сэргэлттэй холбогдуулан их хэмжээний зээл гаргахаар төлөвлөсөн. Жижиг, дунд үйлдвэрийн газрыг манайхан мэднэ. 2019 онд асуудал үүсэж байсан. Үүнээс тус газар хичээж ажилласны үр дүнд Засгийн газар бондуудын өрөө төлөөд дууссан. Энэ жил ямар нэг өр төлөхгүйгээр тухайн мөнгөө зээл олголтод зарцуулна. Тиймээс энэ жилээс эерэг үр дүн гарч эхэлж байгаа. Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний тухай хууль 2019 онд шинэчлэгдсэн. Өрхийн болон хувираа бизнес эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж ажилладаг. Буцалтгүй болон буцааж төлөх хоёр янзын хувилбартай зээлүүдийг олгож байгаа. Жижиг, дунд үйлдвэрийн газрын хувьд ААН-ийг хариуцаж ажилладаг” хэмээв.
“ЖДҮ эрхлэгчдийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгож байгаа”
Түүнчлэн гаалийн татварыг үйлдвэрлэл эрхлэгч нарт хэрхэн хөнгөлж буй талаар “19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос бүрэн хангах, цаашлаад экспортлогч улс болох томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд 35 төрийн байгууллага ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан татвар, гааль дээр ямар хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлж байгаа вэ гэдэг талаар бизнес эрхлэгчдэд сургалт явуулж байгаа.
Жишээлбэл, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн худалдаж авсан тоног төхөөрөмжийг 10 жилийн хугацаанд гаалийн татвараас хөнгөлж байсан бол томоохон ААН-үүд ч энэхүү хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй болж байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай шинэ тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас хөнгөлнө. Энэ жилдээ гаалийн татвараа төлөөд дараа жил нь буцаагаад авна гэсэн үг.
Татварын газар дээр ч гэсэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгож байгаа” гэдгийг хэллээ.