Орон даяар “Хүнсний хувьсгал” болон өргөжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр БНСУ-ын Копиа Монгол төвийн шинээр томилогдсон захирал У Мён Гюүг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 5 бүлэг, 42 заалт, 114 арга хэмжээ бүхий 36-р тогтоолыг баталж, 50 орчим төрийн болон төрийн бус байгууллага, 10 гаруй олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчидтэй хамтран хэрэгжүүлэх болсон. Үүний нэг нь БНСУ-н Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь төлөөлөгч KOPIA Монгол төв юм.
Дээрх тогтоолд ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд тулгуурлан улсын хэмжээнд улаан буудайн 4, тэжээлийн 2, хүнсний ногооны 5, төмсний 4, нийт 15 үрийн аж ахуйг байгуулах, сорт сорилтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх гэж заасан бөгөөд тус заалтыг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Копиа Монгол төв дэмжин ажиллах боломжтойгоо илэрхийллээ.
Мөн үйлдвэрлэгчдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, шинэ инноваци, туршлага солилцох боломж бүрдүүлэх зорилгоор тогтмол зохион байгуулж буй “Баялаг бүтээгч-бизнес тур” 4 дэх удаагийн аялалд Копиа Монгол төвийн захирал У Мён Гюү оролцсон. Үүний дараа Дархан-Уул аймагт байрлах Ургамал газар тариалангийн хүрээлэнд очиж ажилласаны үр дүнд цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “Хүнсний хувьсгал”-ыг идэвхтэй дэмжин ажиллах болжээ.
БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газраас хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи шаардлагатай хөгжиж буй орнуудтай хамтран хөдөө аж ахуй технологийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, тариаланчдын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2009 онд хилийн чинадад Копиа төслийг эхлүүлсэн. Монгол Улсад 2014 онд Копиа Монгол төвийг байгуулсан бөгөөд нийт 13 төсөл хэрэгжүүлж, 9 нь дууссан байна. 2022 оны 1 дүгээр сараас эхлэн хоёр жилийн хугацаатай Монгол оронд тохиромжтой ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах төслийг шинээр эхлүүлээд байгаа юм.