Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны төлөөлөл өнөөдөр /2023.06.30/ Нийслэлийн ХХААГ-ын удирдлага болон үндэсний үйлдвэрлэгч “МБҮ трейд” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад:
- Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- ЕТГ-ын Референт А.Амаржаргал
Төслийн багийг төлөөлөн:
- Нийслэлийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг,
- “МБҮ трейд” ХХК-ийн Ерөнхий захирал С.Бямбасүрэн,
- “МБҮ трейд” ХХК-ийн Ерөнхий инженер Д.Азжаргал нар оролцлоо.
Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага хангасан махны худалдааны төвлөрсөн газар дутагдалтай байдаг. Хуучны уламжлалт махны захууд эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй орчинд мал, мах зарах нь нийслэлийн хүн амын эрүүл аюулгүй хүнс хэрэглэх баталгаа болж чадахгүй байгаа. “МБҮ трейд” ХХК нь нийслэл хотын баруун зүүн бүст нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг бүрэн хангах Мал, мах худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, бэлтгэх үйлдвэр, ложистик төв нээхээр бүтээн байгуулалтын 2 томоохон төсөл эхлүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал,
- Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд Мал, мах худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, бэлтгэх үйлдвэрийн барилга
- Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах Мал, мах, хүнсний ложистик төвийн төслийн талаар танилцууллаа.
Жилд 7 сая мал боловсруулах хүчин чадалтай энэхүү төслийн бүтээн байгуулалт хэрэгжснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний зорилттой уялдан, нийслэлийн хүн амыг жилийн дөрвөн улирлын туршид эрүүл, стандартын шаардлага хангасан нөхцөлд бэлтгэсэн хөдөө аж ахуйн гаралтай, чанартай, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах, хүртээмжийг сайжруулах, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах, 1000 гаруй ажлын байр бий болох давуу талтай гэдгийг төсөл багийн зүгээс онцоллоо.