Энэтхэг улсад будааны үнэ эрчимтэй өсөж байгаагаас үүдэн тус улсын засгийн газраас басматигаас бусад төрлийн будааны экспортод хориг тавьжээ.
Будааны үнийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь байгалийн давагдашгүй хүчин зүйл болох их хэмжээний хур бороо байсан юм. Улмаар хур бороо ихээр ороход тариалангийн талбайнууд сүйдэж, өнгөрөгч арванхоёр сарын хугацаанд будааны үнэ 11 хувиар өссөн байна.
Хоригийг танилцуулахтай зэрэгцэн Энэтхэгийн Хэрэглэгчийн асуудал эрхэлсэн яамнаас мэдэгдсэнээр одоогийн байдлаар бастамигаас бусад төрлийн будааны экспорт нь тус улсын будааны нийт экспортын дөрөвний нэгийг бүрдүүлж байгаа гэсэн юм.
Тийнхүү Энэтхэгийн засгийн газрыг авч буй арга хэмжээгээ танилцуулахад олон улсын шинжээчдийн зүгээс тэдний энэ алхмыг шүүмжилсэн байна. Учир нь “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-г түдгэлзүүлээд буй энэ үед тариа будааны экспортыг танах нь олон улсын зах зээл дэх үр тариа, будааны үнийн өсөлтийг улам эрчимжүүлэх эрсдэлтэй юм.