Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж Монгол дахь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг төрийн дээд “Найрамдал одон”-гоор шагналаа.
Шагналыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023.08.21-ний өдөр гардуулан өгөв.
Тэрбээр, “Монгол Улсын Төрийн дээд одон “Найрамдлын одон”-гоор шагнуулсандаа баяртай байна. Энэ нь НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) болон НҮБ-ын баг хамт олныг өндрөөр үнэлж буй хэрэг юм. Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ)-ын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.” гэв.
Дэлхийн 130 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол хүнсний хангамжийг сайжруулах эрхэм зорилгод хүчин зүтгэдэг тэрээр өдгөө зургаа дахь жилдээ Монгол дахь FAO-ыг удирдаж, манай улсын хүнсний аюулгүй байдлыг хангах үйлст олон улсыг төлөөлөн ажиллаж буй.
Тэрээр Бангкок дахь FAO-д найман жил ажиллахдаа Ази тивийнхээ бүхий л улсын мал аж ахуйн бодлого төлөвлөлттэй нарийн танилцаж, хувь нэмрээ оруулсан арвин туршлагатай мэргэжилтэн юм.