Монголчууд жилд дунджаар 3600 орчим тонн шоколад хэрэглэдэг.
Нью-Йоркийн Хөрөнгийн биржид какаоны фьючерс үнэ 2.5 хувиар өссөнөөр сүүлийн 44 жилийн дээд түвшинд хүрээд байна. Түүнчлэн энэ он гарсаар какаоны үнэ 40 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Үнийн энэхүү өсөлт нь Монголын зах зээлд ч нөлөөлж байна. Тухайлбал: олон улсад какаоны үнэ өсөж байгаатай холбоотойгоор бүтээгдэхүүний үнээ 10-15 хувиар өсгөсөн ч дотоодын шоколадны зах зээлийн эрэлт хэрэгцээ хэвээр хадгалагдаж буйг “Sayan” шоколадны үйлдвэр мэдээлсэн юм.
2022 оны байдлаар монголчууд жилд дунджаар 3600 орчим тонн шоколад хэрэглэдэг гэсэн тооцоотой ба энэхүү хэрэглээний 10 хувийг нь дотоодын зургаан үйлдвэр хангаж байна. Үүнээс гадна жилд дунджаар 50 орчим сая ам.долларын шоколад импортолдог болохыг “Golden Gobi” брэндийн үйлдвэрлэгч “Есөн-Од” ХХК мэдээлж байлаа. Тоног, төхөөрөмжийн үнэ өндөр байгаагийн зэрэгцээ сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй бол худалдан авалт буурдаг гэж тус компани тодотгож байсан юм.
Үүнээс гадна дотоодын шоколадны зах зээл тэлэхэд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа аж. Түүнчлэн импорт орлох бүтээгдэхүүнээс тээврийн үнэ, тоног төхөөрөмжийн татвар зэргийг авч буй нь дотоодын үйлдвэрлэл өргөжихөд сорилт дагуулж байгааг “Sayan” шоколадны үйлдвэрийн захирал З.Болормаа онцоллоо.