Эрхэм хүндэт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид аа,
Эрхэм хүндэт малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ!
Та бүхэнд Монгол Улс Атар газар эзэмшсэний түүхт 65 жил болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монголчууд бид эрт дээр үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, зохицон амьдарч, өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн нөөц баялгаа зүй зохистой ашиглаж, хүн ардынхаа аж амьдралыг тэтгэж ирсэн түүхтэй.
Өнгөрсөн түүхэн цаг хугацаанд Монголчууд бид газар тариалангийн салбараа дэмжиж, улс орон, ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангах, экспортлох зорилгоор Атрын гурван удаагийн үндэсний хэмжээний аяныг амжилттай өрнүүлж байсан.
Атрын анхдугаар аян 1959 онд эхэлж, 10 сангийн аж ахуй шинээр байгуулагдаж, үр дүнд нь 1959-1965 он буюу 6 жилийн дотор 1 сая орчим га атар газрыг эзэмшиж, анх удаа 516 мянган тонн үр тариа хураан авсан бахдам амжилт гаргаж байлаа.
Мөн газар тариалангийн салбарын үндэсний мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх их, дээд сургууль, техник мэргэжлийн сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд үүсгэн байгуулагдсан нь Атрын анхдугаар аяны гол үр дүн нь байсан юм.
Атрын хоёрдугаар аян 1976 онд эхэлж, үр дүнд нь 1989 оны байдлаар 1.2 сая га эргэлтийн талбайтай, жилдээ тариалах талбай 837 мянган га-д хүрж, 840 мянган тонн үр тариа, 155 мянган тонн төмс, хүнсний ногоо, 1 сая гаруй тонн таримал тэжээл, хадлан хураан авч байлаа.
Цаашлаад нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүндхэн сорилт бэрхшээл учруулсан.
Тухайлбал, шилжилтийн он жилүүдэд газар тариалангийн эргэлтийн талбайн 60 гаруй хувь, машин техник, трактор, комбайны 90 гаруй хувийгбүрэн ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүсэж байсан.
Энэхүү хүнд үед үр тариа, гурилынхаа 70 гаруйхувь, төмс, хүнсний ногооны 50 гаруй хувийг гаднаас импортоор авч, үр тарианы ургацын хэмжээ 2005 он гэхэд 77 мянган тонн буюу атрын хоёрдугаар аяны үеийн 840 мянган тонноос даруй 90 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарч байлаа.
Харин Монгол Улсын Засгийн газар 2008-2010 онд Атрын гуравдугаар аян болох тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг дэвшүүлэн хэрэгжүүлснээр уг салбарт хөнгөлөлт чөлөөлөлт,дэмжлэг туслалцаа үзүүлж, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлснээр тариалангийн эргэлтийн талбайг 650 мянган га-д хүргэн сэргээж, улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадсан нь Атрын гуравдугаар аяны гол үр дүн байлаа.
Газар ээжийн үр шимийг хүртэж, хүн ардаа эрүүл хүнсээр хангах их үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн энэ салбарын баялаг түүхийг бүтээгчид, үе үеийн тариаланчид, салбарын мэргэжилтнүүд Та бүхэнд монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Эрхэм нөхөд өө,
Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын нэг чухал асуудал нь Монгол хүнийг эрүүл аюулгүй орчин, найдвартай, эрүүл хүнсээр хангах явдал юм.
Тиймээс бид байгаль орчин, хүнсний хангамж,аюулгүй байдалдаа онцгой анхаарах ёстой.
Уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа цөлжилт, хөрсний доройтол, шороон шуурга жил ирэх тусам эрчимжиж, цас зуд, ган гачгийн давтамж нэмэгдсээр байна.
Энэхүү цаг агаарын таагүй нөхцөл байдал нь манай улсын уламжлалт хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүндээр тусаж, монголчууд бидний аж амьдралд ихээхэн сорилт, бэрхшээл учруулжбайна.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй бодит үр дүнтэй тэмцэх, улмаар тогтвортой хөгжлийн зорилтуудаа амжилттай ханган хэрэгжүүлэхэд Монголчууд бид онцгой анхааран ажиллахшаардлагатай байна.
Ялангуяа, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн байдлаар хүнс, хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэх асуудал чухал байна.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, шороон шуургатай үр дүнтэй тэмцэх, ард иргэдээ эрүүл хүнсээр хангахзорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” болон “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Зөвхөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс эхлүүлээд 114 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд арилжааны банкаар дамжуулан, 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг төр засгийн зүгээс 3100орчим хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэн, ААН-д олгоод байна.
Үр дүнд нь хүнсний салбарт нийт 24 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, өнгөрсөн 2023 оны байдлаар хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоосоо хангаж чадсаныг хэлэхэд таатай байна.
Ийнхүү дээрх үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд шинэ боломж нээгдэж, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжил хангагдах, худалдаа, экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэх, ядуурал буурах зэрэг олон эерэг үр дүн авчирна гэдэгт Төрийн тэргүүн итгэл төгс байна.
Ингэснээр манай улс хөгжин дэвжиж, ард иргэд маань амар тайван, эрүүл аюулгүй орчинд амьдарч, монголчууд бидний “ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” арвижин дэвжинэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилга, “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улс “ЭРҮҮЛ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХҮНС ЭКСПОРТЛОГЧ УЛС ОРОН” болох тодорхой зорилт туссан.
Энэ хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд буюу төвийн бүсийг “ХӨДӨӨ АЖ АХУЙН ТӨРӨЛЖСӨН, АЖ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮС” болгон хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулахаар Улсын Их Хурал, Засгийн газраас шийдвэр гараад байна.
Энэ шийдвэрийн үр дүнд сургалт, судалгаа, үйлдвэрлэл, төрийн байгууллагуудын төвлөрөл бий болж, шинжлэх ухаан, технологи, инновацад тулгуурласан, байгаль орчинд ээлтэй, тогтвортойхүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил, үр дүн гарна гэж ард түмэн хүлээж байна.
Тиймээс та бүхэн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө улам эрч хүчтэй, идэвх санаачилгатай, үр дүнтэй, сэтгэл гарган сайн ажиллаарай.
Эх орноо эрүүл хүнсээр хангах их үйлсэд хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтан, албан хаагчид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид та бүхний дэмжлэг, манлайлал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал гэдгийг мөн онцлон тэмдэглэе.
Эрхэм төрийн түшээд, баялаг бүтээгчид ээ,
Цаашид байгаль орчинд ээлтэй, бүсчилсэн хөгжил болон тогтвортой хөгжлийг дэмжсэн газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн зүгээс дараах асуудалд анхаарал хандуулж хамтран ажиллах нь зүйтэй байна.
Үүнд:
• Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт технологи, инновацад суурилсан, дэлхийн жишигт нийцсэн, экспортод чиглэсэн газар тариалангийн салбарыг хөгжлийн шинэ түвшинд гаргах цогц шинэчлэл, бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх
• Бүсчилсэн хөгжлийг дэмжсэн газар тариалангийн кластер, цогцолборуудыг байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, тээвэр логистикийн оновчтой сүлжээг бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх
• Эрүүл ахуй, чанарын асуудлыг шат шатандаа анхаарч, аюулгүй байдлын хяналтыг эрс чангатгах
• Төсөв, хөрөнгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн зөв ашиглаж, зээл санхүүжилт, татвар, даатгал зэрэг санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой, хүртээмжтэй ашиглаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжихзэрэгт анхаарах шаардлагатай байна.
Дээрх зорилтуудыг төр, хувийн хэвшлийн оновчтой хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлснээр ард иргэдээ гарал үүсэл нь тодорхой, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангаж, ажлын байрыг нэмэгдүүлж, монгол хүний амьдралын чанар сайжирч, улмаар манай улс хүнс экспортлогч орон болох боломж бүрдэнэ.
Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал,хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ гэрэлт ирээдүйн төлөө төр, засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, эх оронч сэтгэлээр хамтран зүтгэцгээе.
Алтан шаргалтах тариан талбайн ургац нь арвин байж,
Ажилсаг хичээнгүй тариаланчдын үйлс нь өөдрөг байх болтугай!
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ