
Монголчууд эртнээсээ малын дотор махыг хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн ард түмэн. Тэр дундаа гүзээг тамир тэнхээ сэргээх, ядаргаа тайлах, биеийн дархлаа дэмжих шим тэжээлт хүнс хэмээн үнэлдэг уламжлалтай. Малын гүзээний шим тэжээл, эрүүл мэндийн ач холбогдол болон зөв боловсруулах аргачлалын талаар Завхан аймгийн Алдархаан сумын малчин С.Сууттай ярилцлаа.
Монголчууд яагаад гүзээг онцгой шимтэй хүнс гэж үздэг байсан юм бол?
-Гүзээ бол малын угтвар ходоод учраас шим тэжээлтэй хүнс. Манай ахмадууд хаврын ядаргаа тайлах, төрсөн эхийн тамир тэнхээг сэргээх, өндөр настны үе мөчийг дэмжих зорилгоор гүзээний шөл уулгадаг байсан. Хавар, намарт, малчин бид их ажлын үеэр тамир тэнхээгээ нэмэх, дархлаагаа сайжруулах зорилгоор малын гүзээнд битүү чанасан толгой шийр хийж иддэг. Энэ нь ядаргаа тайлах, цус төлжүүлэх, үе мөч болон ясанд тустай. Монголын уламжлалт, шим тэжээлээр баялаг хүндэтгэлийн хоол юм. Уг хоол нь махны өөрийн шүүс болон шөлөндөө битүү чанагддаг учир амт чанараа алддаггүй онцлогтой.

Гүзээний хамгийн гол ашиг тус юу вэ?
-Нэгдүгээрт, уургийн сайн эх үүсвэр. Уламжлалт ойлголтоор гүзээний шөл нь тамир тэнхээ сэргээж, ядаргаа тайлдаг гэж үздэг. Мөн үе мөч, арьс, үсний эрүүл мэндэд тустай гэж эмээ, ээж нар нутгийн хөгшчүүд ярьдаг. Мөн сахарын өвчинд гүзээ, сархинаг их хэрэглэдэг шүү дээ.
Гүзээг хэрхэн зөв цэвэрлэх хэрэгтэй вэ?
-Манай нутагт хамгийн түгээмэл арга нь халуун усаар хуулах. Ус хэт буцалсан байж болохгүй. Ойролцоогоор 70-80 хэмийн халуун усанд хэдхэн секунд дүрээд гаргаж хусна. Дараа нь давс, гурилаар сайн үрж угаавал үнэр нь арилдаг. Зарим нутагт үнсээр үрж угаах уламжлал бий. Хамгийн чухал нь олон удаа сайтар зайлах хэрэгтэй.
Зарим газар, гүзээний хужирхайг хусалгүй хэрэглэдэг юм билээ?
-Хужирхай буюу дотор талын салст давхаргад жинхэнэ шим тэжээл, коллаген, амин хүчил харьцангуй их агуулагддаг гэж үздэг. Гэхдээ эрүүл ахуй маш чухал. Маш сайн угааж цэвэрлээд, бүрэн болгож чанах шаардлагатай. Тэгж байж шимэгч хорхой болон бохирдлын эрсдэлийг бууруулна.

Ямар төрлийн гүзээ шим тэжээлээрээ илүү гэж үздэг вэ?
-Манай нутгийн уламжлалт ойлголтоор ямааны гүзээ шим тэжээл ихтэйд тооцогддог. Учир нь ямаа төрөл бүрийн ургамлыг сорчлон иддэг. Гэхдээ хонь, үхэр, ямааны гүзээ бүгд уураг, эрдэс бодисын сайн эх үүсвэр байдаг.
Төв, суурин газрын хүмүүс гүзээг хэрхэн хэрэглэх нь зөв бэ?
-Гүзээний шөл, чанасан гүзээ, холимог дотор махны зоог зэрэг олон янзаар хэрэглэж болно. Хамгийн гол нь шинэхэн, эрүүл малаас гарсан бүтээгдэхүүн сонгож, ариун цэвэр сайн сахиж боловсруулах хэрэгтэй. Тогтмол боловч тохируулан хэрэглэх нь зөв.

Уламжлалт мэдлэг ба шинжлэх ухаан
Гүзээ нь уураг, эрдэс бодис агуулдаг, коллаген уураг ихтэй хүнс. Орчин үеийн судалгаагаар ч коллаген нь арьс, шөрмөс, холбоос эдийн үндсэн бүрэлдэхүүн болохыг тогтоосон байдаг. Гэхдээ сахарын шижин, хөгшрөлт зэрэг өвчнөөс дангаар нь хамгаална гэсэн баттай шинжлэх ухааны нотолгоо хангалтгүй байдаг.
Харин тэнцвэртэй хооллолтын нэг хэсэг болгон хэрэглэх нь хүний биед шаардлагатай шим тэжээлийг нөхөхөд дэмжлэг үзүүлдэг болохыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Монголчуудын олон үе дамжин өвлөгдөж ирсэн хүнсний уламжлалын нэг болох гүзээ нь өнөөдөр ч эрүүл хүнсний үнэ цэнээ хадгалсаар байгаа юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
