
Энэ намар сумдад үйлдвэрлэлийн хадланг хязгаарлана. Аймгийн Засаг дарга Ш.Ёл намрын хадлангийн бэлтгэлийг базааж, хадлангийн газрын хэмжээг урьдчилсан байдлаар танилцуулах, энэ чиглэлээр сумдын удирдлагыг дуудан ирүүлж, уулзалт зохион байгуулахыг ХХААГ-т үүрэг болголоо. Мөн Хадлангийн талаар баримтлах бодлогыг аймгийн ИТХ-аар дахин хэлэлцүүлж шинэчлэх, шинэчилсэн журмыг хууль зүйн яамаар хянуулж бүртгүүлэх, иргэн хадлангийн газар аваад дамлах асуудлыг цэгцлэх, хадлангийн машин техникийг бүртгэлжүүлэх зэрэг олон асуудлыг цэгцлэх шаардлагатай байгаа юм.
Зарим тохиолдолд арван малчны нэр дээр нийлүүлэн 1000 га хүртэл газар авч, үйлдвэрлэлийн хэмжээнд хадлан бэлтгэх явдал гарч байна. Өвсний гарц сайтай бүс нутгаас 100 мянга гаруй боодол өвс бэлтгэн, үүний тодорхой хэсгийг малчдад 500-1000 боодлоор хуваарилж, үлдсэн хэсгийг худалдаж ашиг олох явдал илэрч байна.
Манай улсын хэмжээнд нийт 1.7 сая га хадлангийн зориулалтын газар байдаг бөгөөд үүний 816 мянган га буюу бараг тал хувь нь Дорнод аймгийн нутагт бий.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
