
Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 3.1 сая гаруй толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгаа гарчээ. Үүний дотор тэмээ 35344, адуу 154599, үхэр 208311, хонь 1133474, ямаа 1620105 толгой байна.
Ховд аймаг 17 сум, 91 багтай. Одоогийн байдлаар сумдын нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд бэлчээрийн даац гурваас дээш олон дахин хэтэрсэн байна.
Иймээс өвөл, хаврын улиралд мал маллахад эрсдэл үүсэж болзошгүй тул орон нутгаас зөв зохион байгуулалт хийж өвс, тэжээл нөөцлөх, малчид малын тоо толгойг бууруулах, хил залгаа бэлчээрийн нөөцтэй аймаг, сумын нутаг руу отор нүүдэл хийх зэргээр зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Тус аймагт хадлан (өвс) бэлтгэх ажил 90 гаруй хувьтай, тэжээл, хужир шүү бэлтгэх ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна.
Энэ сарын 7-ны өдрийн байдлаар малчид 56.5 мянган тонн хадлан, 1219 тонн тэжээл, 3000 тонн хужир шүү бэлтгэжээ.
Мөн сумдын аюулгүйн нөөцөд 295.4 тонн өвс, 71 тонн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөд 450 тонн өвс, 166.7 тонн тэжээл бэлтгэсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
