
Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, малын ашиг шим, үүлдэр угсааг дээшлүүлэх зорилготой “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон суманд хонины үүлдэрлэг байдлыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газар, АДРА олон улсын байгууллага, Малын удмын сангийн үндэсний төв хамтран Орхон үүлдрийн хонины цөм сүргийн 60 толгой хээлтэгчид нарийн ноост Австралийн меринос үүлдрийн хуцны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийх бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Энэ хүрээнд хээлтэгч хонины ороог жигдрүүлж, зохиомол хээлтүүлгийг төлөвлөсөн хугацаанд хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор прогестерон дааврын бэлдмэл тавих ажлыг энэ сарын 12-ны өдөр дуусгасан байна.
Австралийн меринос үүлдрийн хуцны гүн хөлдөөсөн үр ашиглан зохиомол хээлтүүлэг хийх нь Орхон үүлдрийн хонины удамшлын чанарыг сайжруулах, нарийн ноосны чиглэлийн ашиг шимийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Ингэснээр малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, малчдын үйлдвэрлэлийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн нь дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанар, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэдэг. Энэ зорилгын хүрээнд малын үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх нь мах, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс гадна ноос, ноолуурын түүхий эдийн чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Сэлэнгэ аймаг газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлдэг бүс нутгийн хувьд малын генетик нөөцийг зохистой ашиглах, үржил селекцийн дэвшилтэт арга нэвтрүүлэх нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөхөд чухал ач холбогдолтой. Орхон суманд хэрэгжүүлж буй энэхүү ажил нь малын чанар, ашиг шимийг сайжруулах замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
