
Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаарх ургац хураалтын нэгдсэн мэдээг гаргасан байна. Өнгөрсөн 2025 онд тус аймагт гандуу, цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал тохиож ургацын хэмжээ буурч байсан бол энэ жил хур тунадас элбэг, цаг агаар тогтуун байсан нь ургацын гарцад сайнаар нөлөөлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад гол нэр төрлийн таримлын үзүүлэлтүүд ахицтай байна.
Аймгийн хэмжээнд улаанбуудайн тариалалт болон нэгж талбайн бүтээмж өмнөх оноос мэдэгдэхүйц өссөн аж. Улаанбуудайн хураалтын явц одоогоор 83.4 хувьд хүрээд байна.
Энэ онд 38,6 га талбайд тариалсан нь өнгөрсөн оныхоос (30,828 га) 7.8 мянган га-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд одоогоор 32,2 га талбайг хурааж 50,5 тонн ургац хураан аваад байна. Нэгж га-гаас дунджаар 14.9 центнер ургац хураан авч байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.3 цн/га-аар өссөн дүнтэй байна.
Төмс болон хүнсний ногооны хураалтын ажил дуусах шатандаа орж, нэгж талбайн ургац өндөр байна. Төмс хураалт 94.4 хувьтай үргэлжилж байна. Нийт 469.3 га талбайн 443.2 га-г хурааж, 4,297 тн ургац авсан байна. Нэгж талбайн ургац 97 цн/га байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн дунджаас давамгайлж, ургацын чанарт ахиц гарлаа. Хүнсний ногоо хураалт 75.5 хувийн явцтай байна. Нийт 166.9 га талбайн 126 га-аас 911.6 тн ургац хураан аваад байна.
Мал сүргийг өвөлжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд тэжээлийн ургамал болон тосны ургамлын хураалт эрчимтэй үргэлжилж нийт 9,501.6 га талбайтайгаас 7,287 га-г хурааж 76.7хувьтай, 19,055 тн ургац аваад байна. Нэгж талбайн ургац 26.1 цн/га-д хүрчээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
