Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх гарзын дарга Б.Мягмарнаран болон холбогдох алба, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулах уулзалтыг хийж, санал солилцлоо.
Уулзалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны :
- ЗБХГ-ын Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболд,
- Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн,
- ӨНЗГ-ын Ахлах мэргэжилтэн бөгөөд өргөн нэвтрүүлгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн П.Золбоо,
- ЗБХГ-ын Цахим орчны судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Дэлгэрмаа нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны ахлах референт Д.Цэвээндорж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд иргэд, олон нийт болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудыг мэдээ, мэдээллээр хангах уялдаа холбоог сайжруулах чиглэлд шинээр гарсан Hunsniihuvisgal.mn сайтын танилцуулгыг хийлээ. Үүний дараагаар Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан Харилцаа холбооны зохицуулах хороонд хамаарах ажлыг танилцуулж хэрэгжүүлэх талаар талууд санал солилцлоо.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 5 хэсэг, 49 заалт бүхий тогтоолд иргэд, олон нийтэд чиглэсэн “Хоол, хүнсний зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлын зохион байгуулах” гэсэн заалт орсон байдаг. Уг ажлыг Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, мэргэжлийн холбоод болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран хэрэгжүүлнэ гэж тусгасан байдаг. Энэ ажилд Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын зохицуулалтын байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хороо зохицуулалтын бодлогоор хамтран ажиллах юм.
Ирэх таван жил орон даяар өрнөх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нь 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэх УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол батлагдан гарсан нь Монгол улсын хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуйн салбар, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн түүхэнд үлдэх томоохон шийдвэр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг төрийн 24 байгууллага хамтран хэрэгжүүлж орон даяар таван жилийн хугацаанд хүнс үйлдвэрлэлийн салбарт сэргэлт авчрах томоохон ажлыг харилцан уялдаа холбоотойгоор хийж хэрэгжүүлэх юм.