УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөөлөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо-ны гишүүн, амттан үйлдвэрлэгч “Цайдам Трейд” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Цайдам трейд” компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд 2016 оны хоёр дугаар хагасаас эхлэн гараар урласан хатуу чихрийг Монголын зах зээлд нийлүүлэх төслийн судалгааны ажлыг эхлүүлж, Buramhan брэндээрээ олны танил болсон баялаг бүтээгч.
Улмаар бүтээгдэхүүнүүдээ 2017 оны 6-р сараас эхлэн гурван төрлийн шилэн савлагаа, 10 төрлийн иштэй чихэр 5 төрлийн уутан савлагаатайгаар өнөөдрийг хүртэл нийт 17 компанийн 300 орчим худалдааны цэг, гэрээт борлуулагчид болон Бурамхан нэрийн бүтээгдэхүүний 4 салбараар дамжуулан зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. Бурамхан үйлдвэр нь нийт 30 гаруй хүнийг ажлын байраар хангаж, хоногт 1 тн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байгаа үндэсний баялаг бүтээгч юм.
Монгол Улсад чихрийн хэрэглээ жилд ойролцоогоор 20 тэрбум төгрөг байдаг. Тэдний 91 хувь буюу 18 тэрбум төгрөг бүхий чихрийг импортоор оруулж байна. Чихрийн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бий талаар “Бурамхан” брендийн үүсгэн байгуулагч А.Солонго онцолж, цаашлаад дэлхийн зах зээлд экспортлогч болох зорилт тавин ажиллаж байгаа ажээ.