
Увс аймгийн Баруунтуруун сумын ЗДТГ-аас тариалангийн талбайн хөрсний шинжилгээг Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хөрс-агрохимийн лабораторид нэгдсэн журмаар хийлгэхээр судалгаа авч эхэлжээ.
Энэ хүрээнд хөрсний шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд энэ сарын 15-ны дотор талбайн хэмжээ, байршлын мэдээллээ сумын ЗДТГ-т хүргүүлж баталгаажуулах шаардлагатай юм.
Хөрсний шинжилгээ хийлгэснээр тарималд бордоог үр ашигтай ашиглах, хөрсний үржил шимийг сайжруулах, ургацыг тогтворжуулах боломж бүрдэхийн зэрэгцээ ХХААХҮЯ-ны бордооны хөнгөлөлт, улаанбуудай болон хүнсний ногооны урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэнэ.
Түүнчлэн энэ сард Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хөрс-агрохимийн лабораторийн мэргэжилтнүүд Баруунтуруун суманд ажиллаж, тариалангийн талбайн хөрсний дээж авч шинжилгээ хийхээр төлөвлөжээ. Судалгааны дүнд тулгуурлан талбай бүрд тохирсон зөвлөмж, дүгнэлтийг боловсруулж хүргүүлэх юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
