
Хөдөө аж ахуйд шинэ технологи нэвтрүүлж, жилийн дөрвөн улирал хүнсний ногоог сургуулийн дотоод орчинд тарих төслийг ШУТИС-ийн Менежментийн сургуулийн “Тана загварчлал сэтгэлгээний лаборатор”-ийн эрдэмтэд, Япон Улсын Васедагийн их сургуулийн судлаачидтай хамтран хэрэгжүүлэх гэж байна. “Сургуулийн дэргэдэх мини ургамлын үйлдвэр” хэмээх уг төсөл нь сургуулийн орчинд ургамал тариалж, сурагчдад хүнсний аюулгүй байдал, байгаль орчны боловсрол олгох, мөн түүхий эдийн хомсдол, хүнсний хомсдолтой тэмцэх зорилготой санаачилга юм.
✅ Төслийн зорилго:
- Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх: Сургуулийн орчинд ургамал тариалж, сурагчдад хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг олгох.
- Байгаль орчны боловсрол олгох: Ургамал тариалах үйл явцын дамжаагаар байгаль орчны хамгааллын ач холбогдлыг сурагчдад таниулах.
- Түүхий эдийн хомсдолтой тэмцэх: Гаднаас хүнсний бүтээгдэхүүн импортлохын оронд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих.
🧪 Техник, технологийн шийдэл:
- Гидропоник болон аквапонк системүүдийг ашиглах: Ургамал тариалах орчинд усны хэрэглээг хэмнэх, хог хаягдлыг бууруулах.
- Сургуулийн орчинд тохирсон жижиг хэмжээний үйлдвэрлэлийн төхөөрөмжүүдийг ашиглах: Тариалалтыг сурагчдын оролцоотойгоор явуулах.
Төслийг эхний ээлжинд Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Улаанбаатар хотын улсын болон хувийн хэвшлийн тус бүр нэг, орон нутагт сумын нэг сургуулийг сонгож, ус, эрчим хүчийг 30-40 хувь хэмнэдэг ухаалаг хүлэмж байгуулах аж.