Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлого хариуцсан зөвлөх Ч.Даваабаяр БШУЯ-ны Дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны Сурагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал нартай уулзлаа.
Мөн уулзалтад:
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийг төлөөлөн:
- ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Амаржаргал
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо
УИХ-ын тогтоолоор батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд сургуулийн хүүхдийн хоол хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай заалт тусгагдсан. Энэ заалтыг ажил хэрэг болгоход БШУЯ-тай хамтран ажиллах юм. Мөн хүнсний эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд БШУЯ-ны оролцоо их.
Монгол Улсад сургуулийн насны 1 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд тэдний 40 орчим хувь нь зөвхөн сургууль, цэцэрлэг дээрээ халуун хоол иддэг гэх судалгаа гарчээ. Эдгээр хүүхдүүдийн сурч хөгжих, өсөж томороход хоол хүнсний шим тэжээл чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэвч одоо төсөвлөгдсөн мөнгөөр сурагчдын өдөрт авах ёстой шим тэжээлийн 50 хувийг хангахад л хүрдэг гэв.
БШУЯ-ны зүгээс хүүхдийн хоол хүнсийг бэлтгэхэд эцэг эхчүүдтэй хамтрах, тэдний хяналтыг нэмэгдүүлэх, төсөвт тээвэрлэлтийн болон бэлтгэх зардлыг нэмэх шаардлагатай гэлээ.