
Ховд аймаг 2026 онд нөөцийн мах бэлтгэхэд зориулан төсвөөс 500 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Одоогоор мах бэлтгэн нийлүүлэх үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс үнийн санал авч, сонгон шалгаруулан гэрээ байгуулах ажил үргэлжилж байна.
Нөөцийн мах бэлтгэх нь төв суурин газрын хүн амын хавар, зуны улирлын махны хэрэгцээг хангах, үнийн огцом өсөлтөөс сэргийлэх, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм.
Ховд аймаг нөөцийн махны санхүүжилтийг жил бүр орон нутгийнхаа түвшинд шийдвэрлэж ирсэн. Энэ жил нөөцийн мах бэлтгэх, махны хангамжийг тогтворжуулахад 500 сая төгрөг зарцуулах саналыг аймгийн Онцгой комиссоос гаргасан байна.
Ташрамд, энэ долоо хоногт Ховд аймгийн зах, худалдааны төвүүдэд нэг кг үхрийн мах дунджаар 26 мянга, хонины мах 24 мянга, ямааны мах 22 мянган төгрөгийн үнэтэй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
