
Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан ХХААХҮЯ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Монголын махны холбоо, мал төхөөрөх, мах боловсруулах болон хүнсний үйлдвэр, хүнсний худалдаа, нийтийн хоол, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, хоршоо, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хүнсний аюулгүй байдал, бичил биетний тэсвэржилт, пестицид, хог хаягдал, бохир ус болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйн чиглэлээр ажилладаг судлаач, мэргэжилтнүүд оролцов.
Энэхүү хэлэлцүүлгийг хүнсний тогтолцооны өөрчлөлтийн бодлого, судалгааны үр дүнг малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрсдэлийн үнэлгээ, гарал үүсэл, мөшгөх тогтолцооны практик асуудлуудтай уялдуулан хэлэлцэх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан юм.





Монгол Улсын хувьд мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хүн амын хүнсний хангамж, шим тэжээл, орон нутгийн иргэдийн амьжиргаа, эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлж байна. “Нэг эрүүл мэнд” болон НЭКСУС хандлага нь хүнсний аюулгүй байдал, мал эмнэлэг, байгаль орчин, хөдөө аж ахуйн бодлогын уялдааг сайжруулах чухал суурь болдог. Үүний зэрэгцээ хүнсний үйлдвэрлэлийн нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх, хаягдал, бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих нь хүнсний тогтолцооны өөрчлөлтийн салшгүй хэсэг гэж үздэг.
Жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэдэг Дэлхийн хүнсний өдрийг улс орнууд хүнсний баталгаат байдал, эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хүнсний хүртээмж, тогтвортой хөдөө аж ахуй болон хүнсний тогтолцооны шинэчлэлийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. 2026 оны Дэлхийн хүнсний өдрийг “Innovate today. Nourish tomorrow” буюу “Өнөөдрийн инновац маргаашийг тэтгэнэ” уриан дор тэмдэглэж байна. Энэ сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн дэвшил, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, уламжлалт мэдлэг, инновац, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан илүү хүртээмжтэй, эрүүл, аюулгүй, байгальд ээлтэй хүнсний тогтолцоог бүрдүүлэхийг онцолж байгаа юм.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
