
Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн малчин Д.Оюун-Эрдэнэ “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаанд 27 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнээр оролцжээ. Түүнтэй малынхаа ашиг шимийг боловсруулж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй туршлагаас нь хуваалцлаа.
-Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн авчирч, хэр борлуулалттай байв?
-Энэ удаа 27 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнтэй оролцлоо. Хамгийн эрэлттэй нь ээзгий байсан. Авчирсан 15 кг ээзгий маань дороо дууссан. Мөн шар тос, өрөм, бяслаг, аарц, сүү, тараг сайн борлуулалттай байлаа. Нийтдээ 300 кг орчим сүү, сүүн бүтээгдэхүүнтэй ирээд бүгдийг нь борлуулж дуусгалаа. Тухайлбал, 20 кг гаруй аарц, 30 кг гаруй шар тос авчирсан.
Зарим бүтээгдэхүүнээ монгол дээл, гутал, төмс, хүнсний ногоо, модон сав суулга зэрэг хэрэгцээтэй зүйлээр солилцсон. Орон нутгийн үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ харилцан солилцож, хэрэгцээгээ хангах боломж олгодог нь энэ үзэсгэлэн худалдааны нэг давуу тал юм. Жил бүрийн намар ийм боломж бүрдүүлдэгт талархаж явдаг.
-Таны хийсэн шар сүүний чихэр их амттай юм. Хэрхэн хийж сурсан бэ?
-Интернэтээс харж сурсан. Хүмүүс их сонирхож, амтанд нь дуртай байна лээ. Бяслаг шахахад шар сүү их гардаг. Тиймээс шар сүүгээ хаяж, үнэгүйдүүлэхийн оронд ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн хийе гэж бодоод судалж эхэлсэн. Ингээд шар сүүгээр чихэр хийж сурсан. Амт, бүтэц нь ирис шиг болдог. Ялангуяа иштэй чихрийг маань хүүхдүүд их сонирхдог.
Үзэсгэлэн худалдааны үеэр хажуугийн лангуунд шар сүү зарж байсан эмэгтэйд ч шар сүүгээр чихэр хийвэл илүү ашигтай байхыг зөвлөсөн.
-Танайх хэдэн үнээ саадаг вэ?
-Жилд дунджаар 25-35 үнээ саадаг. Энэ жил 32 үнээ саасан. Нөхөр Н.Дашдорж маань үхрээ ивэлгэж, охин маань саалцдаг. Манайх өвөл, зунгүй хоёр гэртээ ажилладаг. Нэг гэртээ сүүгээ хөөрүүлж, айраг нэрээд, нөгөө гэртээ тараг, ээзгийгээ буцалгана. Өдөржин л завгүй байдаг даа. Энэ намар охин маань оюутан болж, туслах хүнгүй болсон. Хоёр хүү маань хонь, малаа хариулдаг. Манайх тэмээнээс бусад төрлийн малтай.
-Та үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог уу?
-Сумандаа 2019 оноос хойш үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож байна. Харин аймгийн үзэсгэлэн худалдаанд энэ жил гурав дахь удаагаа оролцлоо. Өнгөрсөн жил “Шилдэг борлуулалттай сүү, цагаан идээ” номинацад шалгарсан. Энэ жил манай сумынхан олноороо оролцож, “Шилдэг оролцоотой сум”-аар шалгарсанд баяртай байна.
Жилээс жилд туршлага хуримтлуулж, сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж байна. Сүү, цагаан идээгээ боловсруулах, савлахдаа хуванцар сав, торноос аль болох татгалзаж, цаасан уут, тор хэрэглэхийг хичээдэг. Үзэсгэлэн худалдаанд сүү, таргаа төмөр саванд хийж авчирсан. Харин шар тосоо хонины гэдэс, гүзээнд хийж хадгалдаг уламжлалаа хадгалдаг. Нөхөр маань 56, би 54 настай. Бид хоёр 1993 оноос хойш хөдөө мал маллаж, сүү, цагаан идээгээ боловсруулан амьдарч ирлээ. Олон жил хийсэн болохоор мал маллах, цагаан идээгээ боловсруулах ажил маань нэгэнт дадал болжээ. Өдий насандаа ч сурсан ажлаа хийж, малынхаа ашиг шимийг хүртэн сайхан амьдарч байна.
-Ярилцсанд баярлалаа.





Эх сурвалж: Монцамэ агентлаг
